m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 07:47
54
С.Жавхлан:Бүтэхгүй байгаа бүхнийг эсэргүүцэж үсээ хусна

МУГЖ С.Жавхлан ирэх долдугаар сарын 1-нд УИХ-ын 76 гишүүнийг огцрохыг шаардаж, Чингисийн талбайд үсээ хусна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Монголын төр "тамгагүй, амьгүй" төр болсон учир тарахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар МУГЖ С.Жавхлангаас тодрууллаа.

-Та Чингисийн талбайд эсэргүүцэл зарлаж, үсээ хусна гэж мэдэгдсэн. Шалтгаан нь юу вэ?

-Монголын төр ямар ч "амьгүй" болжээ. Төрийн тамгыг ард иргэд авах цаг нь болсон гэж бодож байна. Би удаа дараа эсэргүүцэж байсан. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Тиймээс нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг эсэргүүцэж үсээ хусах шийдвэр гаргасан. Энэ нь тэмцлийн хурц хэлбэрт шилжсэний илрэл юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад төрийн түшээдийг гарч ирэхийг шаардана. Өнөөдөр бид энэхүү арга хэмжээний зөвшөөрөл хүссэн албан бичгээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт өгсөн.

-Таньтай өөр хэн хэн нэгдэх үү?

-Өнөөдөр надтай хамт МУГТ Ц.Шарамжамц нэгдэхээ илэрхийлж цуг ирсэн байгаа. Мөн нэгдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй гэж хэлмээр байна. Харин хөдөө орон нутагт байгаа залуучууд аймгийн төв талбайд эсвэл гэртээ үсээ хусаад, зургаа интернет, сошиал ертөнцөд тараах аян өрнөж байгаа.

-Хэд хоногийн өмнө "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаярыг эргээд ирсэн. Нөхцөл байдал хэр байна?

- Тийм ээ. "Гал үндэстэн" холбооны дөрвөн гишүүн баригдсан. Харамсалтай нь нэг хүн мөнх бусыг үзүүлж, гурван хүн хоригдож байгаа. Түүнээс хоёр хүн нь 60 гаруй настай хүмүүс байгаа. н.Болдбаатар ах өлсгөлөн зарлаад бараг долоо хонож байна. Биеийнх нь байдал муудаж өчигдөр Амгалангийн хорих газраас Зайсангийн дамжин өнгөрүүлэх дээр ирсэн. Их хэмжээний татвараас зайлсхийж, улсад хохирол учруулсан гадаадын иргэдийг уучилж явуулдаг хэрнээ эх орныхоо тухай дуугарсан иргэдээ төр уучилж болохгүй байгаа юм бэ. Өнөөдөр ард иргэдийн дийлэнх нь татварын дарамтад орсон байна. Намайг хүртэл Татварын ерөнхий газраас шалгаж, 25 сая төгрөгийн акт тавьсан байсан. Энэ талаар би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид "Би энэ татварыг төлөхгүй. Та бүхнийг суудлаа тавьж өгтөл, бас Жастин Каплагийн 35 тэрбум төгрөгийн авч иртэл би төлөхгүй" гэж хэлмээр байна.

 

Мөн энэ үеэр МУГТ Ц.Шарамжамц хэлэхдээ "өнөөдөр би энд Жавхлан дүүгээ дэмжиж ирсэн. Түүний хийж байгаа зүйл надад таалагддаг. Миний бие олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө эх орныхоо төлөө дуугарч ирсэн. Тэрнээс биш гэнэт гарч ирчихээд л үсээ хусна гэж яриад байгаа хэрэг биш. Миний өдийг хүртэл шийдвэртэй алхам хийхгүй байсан нь улстөрчдийг хийж байгаа зүйлээ зогсоож, эх орон, газар шорооныхоо төлөө зүйл хийгээсэй гэж найдсаных байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд тэд үргэлж ард түмэн, эрх чөлөөнийхөө эсрэг зүйлийг хийсээр ирсэн нь өнөөдрийн шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн. Эр хүний хувьд үсээ ухсна гэдэг амар шийдвэр биш. Миний бие гурван настайгдаа даахиа үргээлгэснээс хойш үсээ ухсаж үзээгүй" гэсэн юм.