m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 08:11
53
Налайхын захирагчийг ирэх сард албан ёсоор томилно

Нийслэлийн Удирдлагын ээлжит хуралдаанаар “Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан. 

Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Налайх хотын Захирагчийн сонгуульд 8 хүн нэр дэвшиж, нийт сонгогчийн 51,4 хувь нь саналаа өгсөн ч нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул хуулийн дагуу дахин санал хураалтыг хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн дунд 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулжээ. Санал хураалтын дүнгээр Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авсан байна.
Сонгуулийн дээрх дүнгийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Шаравхааны Хааныг холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн бүрэн эрхийг нь баталгаажуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн анхны дагуул хотыг байгуулж, түүний Захирагчийг сонгосон нь түүхэн үйл явдал болж байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан нь анхны дагуул хотын Захирагч гэдгээрээ түүхэн үүрэг авч, ажиллана гэдгийг онцлон хэлмээр байна. Өөрөөр хэлбэл иргэдээсээ сонгогдсон, иргэдрүүгээ хадаг барьж гүйдэг дарга болох нь. Налайх хот нь тус дүүрэгт тогтоосон эдэлбэр газрынхаа хэм хэмжээгээр тухайн нутаг дэвсгэрийг хамран хөгжлийн хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж ажиллана. Хот, дүүрэг эрх мэдлийн хуваарилалтаа хуулийн дагуу хийж, хариуцлагатай ажиллаарай” гэдгийг онцлон хэллээ.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Нийслэлд хотууд байгуулах ажлын эхлэл болж байгаа тул хариуцлагатай ажиллаж, хамгийн гол нь оршин суугчдад хийсэн ажлаа тогтмол танилцуулж, санал бодлыг нь сонсдог байх ёстой” гэсэн бол Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Налайх хот өөрөө иргэдээрээ хэлэлцүүлсэн дүрэмтэй болсон. Тиймээс хотынхоо дүрэмд заагдсан хэм хэмжээг баримтлан, иргэдийнхээ санаачилгыг тусган ажиллаарай” гэлээ.

Хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Налайх хотын Захирагч Ш.Хааныг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор томилно.

Мөн хуралдаанаар тус Налайх хотын удирдлагын бүтцийг дүүргийн ЗДТГ-ын бүтцээс салгаж эхний ээлжинд Захиргаа, санхүү, Нийтийн үйлчилгээ, Хот байгуулалтын 3 хэлтэс 14 хүний орон тоотой Захирагчийн ажлын алба байгуулахаар тогтож, цалин, урсгал зардал, санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.