m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 08:11
59
Сум дундын шүүхийг 21 аймагт дагнан байгуулна

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурал өнгөрсөн долоо хоногт баталж, хуулийг ирэх сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Шинэ хуулийнхаа талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Шинэ хуулийн дагуу хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны найман шүүхийг дагнан байгуулахаар болжээ.

Булган, Сэлэнгэ аймагт шинээр захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах гэнэ. Харин Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт байгуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг найман Сум дундын шүүх байгуулахаар төлөвлөөд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлэхдээ "Дээрх дотоод бүтцийн өөрчлөлтийг хийхэд 50 орчим сая төгрөг шаардагдах бөгөөд үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс гаргана. Энэхүү шинэчлэл нь шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй болон иргэдэд ойртож байгаа зэрэг давуу талтай" гэв.