m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 10:15
327
“Made in Ulaanbaatar” киног Баатар Э.Бат-Үүл үзсэн нь

 

Кино эссэ

 Улаанбаатар хот нүүж Улаан Орхоны хөвөөнд суурьшихаар болжээ. Эртний нийслэл Хархорум хотдоо эргэн нүүхээр шийджээ. Энэ бол буурал дарга Эрдэнийн Бат-Үүл даргын эрхэм зорилго, эртний мөрөөдөл байлаа. Мөрөөдөл биеллээ. Одоо Улаанбаатар хотод хүн байтугай золбин ноход амьдрахын аргагүй болжээ. Нохой хүнээс илүү ухаантай гэдэг үнэн юм. Хор идэж үхэхээр хол очиж хэвтье гээд ноход хөдөөг зорьж байна. Хатан тунамал Туулаар хар хоормог урсана. Гүехэн газраа ч сайрын чулуу харагдахгүй цийдэм урсаж байна. Өдрийн хагаст ч билүү, ялгадсаа Туулдаа нийлүүлнэ гэж айлгасан ч, нэгэнт нийлүүлсэн юм чинь одоо дүүрч гээд бохирын хоолойгоо Тунгалаг Туултайгаа шууд холбоод санаа амарлаа. Алтанбулаг Лүнгийн сав газрын мал сүрэг аль эрт Туулаасаа дайжиж ууланд дүрвэлээ. Ус олдохгүй, тарваганы амьдарлаар амьдарч, нүхэнд орогнох нь дутлаа. Даанч үхэр, адуу багтчих нүх алга. Хатан Туул маань халтар Туул болоод Сэлэнгэ мөрөнд, Байгаль далайд, Ангар Енисей мөрнөөр дамжаад Хойд мөсөн далайд цутгаж монголчууд Орос ах нараа төдийгүй дэлхийг хордуулж эхэллээ.

Өдрийн хагаст ч билүү, ялгадсаа Туулдаа нийлүүлнэ гэж айлгасан ч, нэгэнт нийлүүлсэн юм чинь одоо дүүрч гээд бохирын хоолойгоо Тунгалаг Туултайгаа шууд холбоод санаа амарлаа

Монголчууд өөрсдөө хордож байгаагаа мэдэж байгаа юм алга. Яахав, хүнийг хордуулахдаа гарамгай улс “Братья” гэдэг шонхор ах нараа хордуулаад дэлхийг хордуулахаар шийдсэн хэрэг. Путин Монголд ирэхдээ Туулын эрэг дээр очихгүй яав аа.  Тэгсэн бол хоёр дахиа уйлах байсан. Байгаль далайдаа ийм ялгадас цутгаж байгааг хараад бөөлжих байсан. Уйлах ч багадах байсан биз. Ухаан алдаж унах байлгүй. Монголчууд амиа бодохдоо гарамгай юм болохоор нийслэл хотоо нүүлгэхээр шийдэж, (гео экологи, гео политик) хоёр мангаанаас сэмхэн бултах мэргэн арга олжээ. Үүнийг анх сэдэж, аль 1990-ээд оны дундуур УИХ-д санал оруулж байсан хүн бол бидний хайрт эх оронч, шударгуу нь дэндсэн эрхэм дарга Эрдэнийн Бат-Үүл баатар. “Бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн эрх мэдэл” Бат-Үүл даргад ирсэн хойно одоо яахав. Тэгэхдээ 1990-ээд оноос хойш дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч эргэлзсээр, шийдэж чадахгүй өдий хүрсэн юм. Харин одоо Хотын дарга болж аваад нүүх шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь “Made in Ulаanbaаtаr” кино байлаа.

Дээгий “Ренчинлхүмбийн хязгаарт амьдарч байсан болоод байсан юм. Эрдэнэ зуугийн хүрээнд очиход болохгүй юу байхав” гээд дүрлийтлээ инээжээ.

Киноны нэрийг сонсоод, нийслэлтэй минь холбоотой юу гарах нь уу гэж дурлаад сонгодог зохиолч Эрдэнийн хүү, урлаг, уран зохиолд элэгтэй юм болохоор “Тэнгис” кино театр луу алаг нүдэн Дээгийгээ хөтлөн алхжээ. Тэр хоёрт  “Made in Ulаanbaаtаr” кино маш их таалагджээ. Сэтгэл их хөдөлж, урам зориг орж. Урлаг гэдэг улс төрөөс хүчтэй хойно Бат-Үүл дарга кино үзэж суухдаа эхнэрийнхээ чихэнд “Дээгий, Ерөөсөө хоёулаа Улаанбаатарынхнаа уриалаад эндээс нүүе. Ядахнаа бидэнд ганц пиво баар ч байх биш” гэв. Нөхрийнхөө үг болгоныг сонсож, санаа бүрийг дэмждэг Дээгий “Ренчинлхүмбийн хязгаарт амьдарч байсан болоод байсан юм. Эрдэнэ зуугийн хүрээнд очиход болохгүй юу байхав” гээд дүрлийтлээ инээжээ. Тэдэнд киноны дүрүүд их таалагджээ. Үнэн амьдрал санагджээ. Эмзэг нандин асуудлыг хөндсөн нь харагджээ.

“Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг

Хүний нутагт сэтгэл тогтсонгүй

Холоос гүйсэн хангал морь шиг

Хорвоод хосгүй чамдаа ирлээ

Сайн байна уу? Улаанбаатар минь”

Энэ бол Бат-Үүлийн хайртай дуу. Хайртай аавынх нь найз Бэгзийн Явуухулангийн яруу найраг.  

Г.Эрхэмбаяр болон киноны уран бутээлчид анх тэгж киноны үйл явдал, дүрийн үрээ тэгэж авсан үгүйг мэдэхгүй. Надад л тэгж буугаад байгаа. 

Сониноос В.М.Васнецовын 1898 онд амилуулсан сонсдог, чагнадаг, үнэрлэдэг “Гурван баатар”-ын нэг үнэрлэдэг баатар нь Бат-Үүл баатартай ирж уулзаад арайхийн гурав хоноод буцахдаа “За, Баатар минь Баатар баатартаа хайртай байдаг юм. Танайд бактериологийн цусгүй дайн болж байна. Монголд ямар газар нутаг мундсан биш. Та нийслэл хотоо энэ үмхий хонхороос бушуухан нүүлгэ. Тэгж л ард түмнээ аюулаас аварч баатар хүн гэдгээ батал” гэж захиад Монголд ирэхдээ зүүж байсан иргэний хамгаалалтын хүчилтөрөгчтэй багаа бэлэглээд буцжээ. Цэвэрлэх төхөөрөмж зад тавихаас өмнө болсон явдал шүү дээ. Улаанбаатарчууд өвөлдөө утаан дунд, зундаа үмхийн дунд “жаргаж” байна. Таны өрөөний салхивчаар ер бусын нялуун, хоолой хорсгом эхүүн үнэр сэнхийж байгаа даа. Нэн ялангуяа орой тийшээ, баруунаас салхитай үед!!!

Бат-Үүл дарга цагаан толгойгоо улам цайтал олон хоног бодож, аз таарч “Made in Ulаanbaаtаr” кино үзээд, “Ерөөсөө нийслэлээ нүүлгэе, гэр хорооллыг дэд бүтцэд шилжүүлье гэдэг зангууны үлгэр юм байна. Эхний санасан бурхны зарлиг гэж ардын мэргэн үг бий” гэж хатуу шийджээ. “Made in Ulаanbaаtаr” киноны продюсер, гол дүрийн жүжигчнээр Банш Батаа ажиллажээ. Үзэгч түмний хайртай жүжигчин л дээ. Нүд нь онигор ч зовхи нь өөдөө залуу юм. Хүмүүс банш ч гэнэ, нүдэн ч гэнэ. Жинхэнэ нэр нь Доржийн Баттөмөр. Өвөрхангай аймгийн Нарийн тээлийнх. Батаа “Нүдэн” фильм байгуулжээ. Түүний дүр нь амьдралаас эхтэй, киноны үйл явдал нь ч мөн тийм. Амьдралаас авсан юм ард түмэнд их хүрдэг дээ. Тэр хэрээр кино үзэгчдэд мөн их хүрч байна. Хөдөөнөөс хот руу зорьж ирсэн хоёр залуугийн хөгтэй явдал. Хөгтэй явдлын цаана гүн утга байгаа юм. Монгол эр хүн гэгч хэн бэ.

Түүний дүр нь амьдралаас эхтэй, киноны нэг явдал нь ч мөн тийм. Амьдралаас авсан юм ард түмэнд их хүрдэг дээ.

 Монгол хүний сэтгэл, хүн чанар нь газар шороо, ус нутагтайгаа амин холбоотой байдаг тухай, өнөөгийн нээлттэй нийгэм хүний уугуул мөн чанарт хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай, өмч хөрөнгө, өөдсийн чинээ  газраас болж анд нөхөд, ах дүүс эвдрэлцэж буй тухай даанч эмзэг байдлыг  зүрхэнд ёг хийтэл, сэтгэлд чимхийтэл харуулж дээ. Батаагийн найзын дүрд Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр тогложээ. Түүний эх дүр бол эх оронч УИХ-ын гишүүн асан Мэндийн Зэнээ юм. Г.Эрхэмбаяр болон киноны уран бүтээлчид анх тэгэж киноны үйл явдал, дүрийн үрээ  авсан үгүйг мэдэхгүй. Надад л тэгж буугаад байгаа. Зэнээ гуайнх VI бичил хороололд даруухан амьдрах. Өвлийн хар үүрээр сарлагийн бух шиг нэвсийсэн хар юм уур манан савсуулан дасгал хийгээд байшингуудын дундуур гүйж явах. М.Зэнээ, Ономоогийн Энхсайхан, О.Дашбалбар агсан шиг эх орончид өнөөдөр байна уу?

Жүжигчин Г.Эрхэмбаярын дүр дотоод ертөнцөөрөө, гадаад төрх байдлаараа Мэндийн Зэнээ мөнөөсөө мөн. Нүүр царай, нүдний харц гэхчилэн. Манай Алтан үеийн жүжигчдийн бүтээсэн дүрүүд яагаад өнө мөнхөд амьдраад байдаг юм бэ гэвэл амьдралаас үрээ авдагтаа л байсан юм. Монголчууд тэр дундаа Монгол эр хүн Г.Эрхэмбаярын дүр шиг, Зэнээ гуай шиг Монголоо гэсэн сэтгэлтэй байсан бол бид хүйтний улиралд утаанд, дулааны цагт үмхийд хордохгүй л байхсан. “Made in Ulаanbaаtаr” киноны үйл явдлыг дэлгэрүүлэн яримааргүй, үүнээс илүү үнэлэлт дүгнэлт өгмөөргүй байна.

“Шарталт”, “Микроны босс”, “Ээжээ надтай гэрлээч” зэрэг үзэгч түмэн шуургалан үзсэн олон киноны зохиогч Д.Мөнхбат, найруулсан Л.Лхагвадорж нар энэ кинонд ажиллажээ. Эх орон, элгэн халуун сэтгэлт Ч.Даваабаяр энэ киноны ерөнхий продюсерээр ажиллажээ. Олны танил жүжигчид Ойнбаярын Долгор, Баастын Батмэнд нар тогложээ.  Э.Бат-Үүл дарыг захирамжаар улаанбаатарчууд Орхоны цэнхэр хөндий рүү нүүж эхэллээ. Хотод орж ирээд хордоод, хорлогдоод буцаж буй хоёр залуу /Д.Баттөмөр,  Г.Эрхэмбаяр/-гийн амьдрал нийслэлчүүдийг “Их нүүдэл”-д уриалан хөдөлгөлөө. Хэргийн эзээн жүжигчин Д. Баттөмөр Өвөрхангайнхан болоод тэрүү, хамгийн түрүүнд нүүлээ. Урлаг гэдэг ийм хүчтэй, ийм ид шидтэй. 

МУУГЗ, Доктор, Профессор

Найдангийн Ганхуяг