m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 00:08
54
С.Баярцогт: Монголын ард түмэн хүндэтгэлтэй ханддаг талбайтай болно

УИХ-ын чуулганы зургаадугаар сарын 26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярын асуултад Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын өгсөн хариултыг бүрнээр нь хүргэж байна.

Ж.Энхбаяр:

- Урлагийн сайхан бүтээлийг эх орондоо авчирч байгаад баяр хүргэе. Болгоомжлол гэдэг ч юм уу, улстөржсөн асуудал байна. Хаана байрлуулах вэ, энэ талаар ярьж төлөвлөсөн, хотын архитектуртай уялдуулсан зүйл бий юу? Үнэнээ хэлэхэд би Сүхбаатарын талбай дээр тавьчих юм биш байгаа гэж айж байна?

С.Баярцогт:

-Тийм зүйл байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр хаана байрлуулах талаар ярьсан. Монголын ард түмэн хүндэтгэлтэй ханддаг, олон хүн очиж үздэг Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлсэн сайхан талбай зохион байгуулна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа гэж хариулсан байна.

Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны тоймд Засгийн газрын гишүүний өгсөн хариултыг хэсэгчлэн оруулснаас утгыг гажуудуулж ойлгогдохоор болсон тул  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс залруулга гаргасан байна.