m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 05:32
38
АН-ынхан МАН-тай цаашид хамтрах уу

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Засгийн газарт хамтарсан МАН болон бусад нам эвслийн гэрээний биелэлтийг дүгнэн хэлэлцэхийг намын бүлэгтээ даалгасан. Улмаар өчигдөр орой УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцжээ. Тодруулбал, МАН-тай байгуулсан гэрээнд тусгасан ажлуудыг  хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Тэгвэл АН-ын бүлгээс МАН-д хангалтгүй гэсэн дүн тавьжээ. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газар байгуулсан гол зорилго биелээгүй хэмээн тэд үзсэн байна. Энэ талаар АН-ын зарим гишүүдээс дараах тодруулгыг авлаа.

АН-ын бүлгээс МАН-д хангалтгүй гэсэн дүн тавьжээ

АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж: МАН-д хугацаа өгье

- АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар МАН-тай байгуулсан хамтарсан гэрээнд ямар дүгнэлт өгсөн бэ?  

- Гүйцэтгэх зөвлөлөөс бусад нам эвслүүдтэй байгуулсан гэрээг дүгнэ гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу АН-ын бүлэг хуралдсан ч шийдвэр нь албан ёсоор гараагүй байна. Гэхдээ гишүүд нэг бүрчлэн үг хэлж гэрээний үр дүнгийн талаар дүгнэлт өгсөн. Олонхи гишүүд хангалтгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар яриа гарсан. Тодорхой үр дүн гараагүй учир хугацаа өгье гэсэн шийдвэрт хүрлээ. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа Их хурал дээр харуулах байх. Хэрэв ингэж чадахгүй бол цаашид хамтрах нь утгагүй. Энэ ч үүднээс МАН-ын гишүүдтэй Засгийн газарт хамтарч ажиллахгүй гэсэн тохиолдолд Ерөнхий сайд МАН-аас томилогдсон зургаан гишүүнийг УИХ-д оруулж ирж солино. Мэдээж Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор бүлгийн хариу болгож хангалтгүй гэсэн дүгнэлтээ явуулна.

Тодорхой үр дүн гараагүй учир хугацаа өгье гэсэн шийдвэрт хүрлээ

- Хугацаа өгсөн гэж та хэллээ. Хэр хугацаа өгсөн бэ?

- Долдугаар сарын 10-н гэсэн яриа байна. Гэхдээ албан ёсоор шийдвэрүүд гараагүй.

- Долдугаар сарын  10-ны дотор гол гол ямар хуулиудийг хэлэлцэн батлах вэ?

- Өнөөдөр хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль зэрэг тулгамдсан хуулиудыг юуны түрүүнд хэлэлцэнэ. Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиудыг мөн яаралтай хэлэлцэх шаардлагатай.  

- АН-ын бүлгийн дүгнэлтийг МАН-д албан ёсоор хүргүүлсэн үү?

- АН-ын бүлгийн дарга Л.Гарамгайбаатар албан ёсоор явуулсан байх. Ямартай ч Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор бичиг очно.

- Ерөнхий сайд зургаан сайдын асуудлыг шийдэх нь хуульд хэрхэн нийцэх вэ?

- Хамтарсан гэрээг дүгнэх замаар Ерөнхий сайдад хуулиар олгосон бүрэн эрх нь байдаг.Засгийн газрын гишүүдийг өргөн барих, солих, огцруулах зэрэг асуудал өөрийнх нь бүрэн эрхт бий. Өөрөөр хэлбэл Засгийн газраа хэрхэн ажиллуулах асуудлыг Ерөнхий сайдын эрхийн хүрээнд үлдээсэн.  

- Долдугаар сарын 10-нд чуулган завсарлахаас өмнө МАН-тай хамтарахгүй гэж үзвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Ээлжит бус чуулганыг хуралдуулах ч юм уу бусад арга хэмжээнүүүдийг авах байх.

Г.Баярсайхан: Албан тушаалын томилгоог маш сайн биелүүлсэн байна

- Таны хувьд МАН Засгаас гарах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

- АН-ын бүлгийн гишүүд МАН-тай хэрхэн хамтарч, ямар ажил хийсэн бэ гэдэг дээр өчигдөр  хэлэлцлээ. Миний харсанаар олон том хамтын ажиллагаануудыг хамтарсан гэрээнд тусгасан байна. Харин олон зүйлээс цөөхөн хэдэн асуудлыг 100 хувь биелүүлжээ. Тэр нь албан тушаалын томилгоог маш сайн биелүүлсэн байна. Улс оронд хэрэгтэй нийгэм, эдийн засгийг сайжруулах том том ажлуудыг эхлүүлсэн зүйл нэг ч алга. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа чухал асуудал дээр МАН завсарлага авч байна. Цаашид МАН-тай хамтрахгүй хариуцлагаа өөрсдөө үүрээд явсан нь зүйтэй.  

Олон зүйлээс цөөхөн хэдэн асуудлыг 100 хувь биелүүлжээ

- Шинэ сайд нарын нэрсийг өчигдөр танилцуулсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

- Сайд дарга нарын асуудлыг би мэдэхгүй. Ажил хийж чаддаг Засгийн газар хэрэгтэй гэж манай бүлгийн гишүүд үзэж байгаа. 1996-2000 оны хооронд АН дөрвөн Засаг сольсон. Тиймээс энэ алдааг дахин давтахыг хүсэхгүй байна.  

МАН-тай хамтрахгүй хариуцлагаа өөрсдөө үүрээд явсан нь зүйтэй

      УИХ-ын гишүүн Я.Содбаатар: АН-ынхан  бие биендээ л хугацаа өгч байна

- МАН-ыг Засгийн газраас гарах талаар мэдээлэл газар авлаа. Та үүнд ямар баяр суурьтай байгаа вэ?

- УИХ-д суудалтай намууд энэ удаа хамтарч Засгийн газар байгуулсан. Улс орны нийгэм эдийн засгийн байдал амаргүй байна. Тиймээс хамтарч байгаад томоохон асуудлаа шийдвэрлье гэсэн. Тухайлбал Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль зэрэгт өөрчлөлт оруулмаар байна. Мөн Оюутолгой, Тавантолгой төслийг өнөөгийн үр дүнгээсээ ахиулсан хэлбэрээр гэрээ хэлцлийг сайжруулъя. Эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөе гэсэн зорилгоор хамтарсан Засгийн газар байгуулсан.Энэ хугацаанд хийе гэсэн олон асуудал хэрэгжээгүй. Үүнд шүүмжлэлтэй хандаж байна хэмээн ойлгож байгаа. МАН-ын зүгээс хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээний биелэлтийг яриах ёстой гэж үзэж байна. Гэрээн дээр заасан зүйл заалтыг аль намын бүлэг гацааж, илүү хориг тавьж байна гэдгийг судална. Томоохон хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагчаар АН-ын гишүүд ажиллаж байна. Гэтэл АН-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч нар асуудлыг яагаад чуулганаар оруулж ирж шийдэхгүй байгаа юм.  Анх бид Засгийн газарт орохдоо л хэлсэн. “Бид буруу асуудал байвал шүүмжилж,ард иргэдийн дуу хоолойг хүргэнэ. Харин зөв асуудлыг дэмжиж ажиллана” гэж хэлж байсан. Харин Засгийн газраас орж ирсэн асуудлыг АН-ын бүлэг санаатайгаар унагаж байгаа. Өөрөөр хэлбэл АН-ынхан дотроо учраа олохгүй байна.

- АН-ын бүлгийн дэд дарга МАН-д хугацаа өгсөн гэж хэллээ. Энэ хугацаанд хэрхэн ажиллах вэ?

- Хэнд хугацаа өгөөд байгаа юм. АН-ынхан өөрсөддөө л хугацаа өг. Учир нь МАН-аас гацаагаад байгаа асуудал байхгүй. АН-ынхан доторх зөрчлөөсөө болж хоорондоо маргалдаж байна. Би биендээ л хугацаа өгч байгаа байх.

АН-ынхан өөрсөддөө л хугацаа өг