m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 05:45
67
Ц.Дашдорж: МАН-ыг засгаас хөөгөөд байхад нь гүрийгээд суугаад байх хэрэггүй

УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой ярилцлаа.

-МАН-ыг засагт хамтрах үед та дэмжиж байсан. Өнөөдөр Засгийн газрыг бүрдүүлсэн намуудын хамтын ажиллагаанд асуудал үүсэв бололтой. Таны байр суурь хэвээрээ байгаа юу, асуудлыг яаж харж байна?

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН хамгийн олон суудал авсандаа эрдэж, хатуухан хэлэхэд “өшөө авах” зарчмаар хандан манай бүлгийг баталгаажуулахгүй, УИХ-ын дэд даргыг сонгохгүй, биднийг байнгын хороодод хуваарилахгүй боомилон хэсэг явсан. Энэ үедээ “Шударга ёс” эвсэлтэй хамтран шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсныг хүмүүс мэднэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хүч түрэн баталж, мөн ч эрдүү загнасан даа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхийн оронд дааж давшгүй өр зээл хүлээж авсан мэтээр зарласан. Үүнийхээ оронд улаан нүүрэн дээр нь тулчихаад байсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай давах арга хэмжээ авах байсан юм. Гэсэн ч чадаагүй. Гадна, дотноос их хэмжээний хөрөнгийг бондоор төвлөрүүлсэн боловч бас л буруу зарцуулсан. Үнэ тогтворжуулах нэрээр бэлэн мөнгө тарааж, цөөн тооны компаниудыг санхүүжүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсч зах зээл дээр валютын хомсдолд орох болсон. Энэ бүхний эцэст улсын эдийн засгийн өсөлт удааширч, валютын ханш огцом өсч инфляц төлөвлөсөн хэмжээнээс давж, өргөн хэрэглээний барааны үнэ хяналтгүй өссөн. 2012-2014 онд цалин тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмж чадаагүй, өмнөх засгийн газар хэтэрхий их бэлэн мөнгө тараасан гэж шүүмжилсээр цаг авч ирснийг бид мартах ёсгүй. Ийм учраас манай нам Засгийн газарт хамтарч ажиллах урилга хүлээн авсан юм.

-Та бүхэн бид л хамтрахгүй бол улс сөхөрлөө гэж ярьсаар байгаад засагт орсон биз дээ. Сүүлд нь ингэж ярих байсан юм уу?

-Ер нь улсын болон орон нутгийн төсвөөр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй цааш нь ажилчдынхаа цалинг цагт нь өгөх боломжгүй болж гинжин өр үүссэн. Тэгээд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт эрс буурсан. Шалтгаан нь төсвийн орлого бүрдэж чадахаа байсан явдал байсан юм. Гэтэл авилгажсан төсөв гэх мэтээр дүйвүүлж эдийн засгийн бодит нөхцөл байдлыг УИХ-д танилцуулахдаа ч, олон нийтэд мэдээлэхдээ ч элдвээр хаацайлж төөрөгдүүлэх хандлага давамгайлсан. Нөхцөл байдал ийм болсон үед Засгийн газрын алдаатай бодлого, түүнээс улбаалсан эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг хаана хаанаа ойлгож, өөрөөр хэлбэл аргагүй үнэнд гүйцэгдэн шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Тэгээд шинээр томилогдсон Ерөнхий сайд УИХ-д суудалтай бүх намд хамтарсан Засгийн газар байгуулах урилга ирүүлсэн. Нөгөө талаасаа намууд улс төржилтөө зогсоож, улс орныхоо хөгжлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн санал бодол давамгайлж байв. МАН хэдийгээр УИХ-д цөөн суудал авсан ч гэсэн улс орон иргэдийнхээ төлөө засагт орж ажиллах ёстой гэсэн байрь суурь давамгайлж байгаа нь илт мэдрэгдэж байсан. Ийм л зүйл болсон.

-Тэгвэл та бүхнийг засагт орсноос хойш нөхцөл байдал дээрдсэн юм уу. МАН-ыг засгаас гаргах ганц шалтгаан нь ажил хийхгүй байгаа гэдэг шүү дээ. Ер нь томилгооноос өөр ажилд оролцсон уу, та нар?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар шийдлийн гэсэн тодотгол авч эдийн засгийн талаар тулгамдсан олон асуудлыг шийдэхээ мэдэгдэж, УИХ-д ч олон нийтэд ч горьдлого төрүүлж эхэлсэн. Манай намын бүлэг байр сууриа маш тодорхой томьёолон эдийн засгийн бэрхшээлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг чамгүй зүтгэж байж батлуулсан. Улсын сан хөмрөг, өр зээл, хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэртэй холбоотой үүссэн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, 2015 оны улсын төсөвт тодотгол хийж, зэрэгцээ явж ирсэн бондын, үнэ тогтворжуулах зэрэг төсвийн гадуурх зардлыг улсын нэгдсэн төсөвт хамааруулж нэг төсөвтэй болсон. Улсын өрийн хэмжээ, бондын зарцуулалт, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны асуудал зэрэг олон үзүүлэлтийг байгаагаар нь мэдээлж, цаашид нэг мөр шийдвэрлэх оролдлого хийсээр байна. Ер нь хамтраад бүтээсэн ч юм бий, болж бүтэхгүй байгаа асуудлууд ч байгаа нь нууц биш.

-Тэгвэл танай намынхан засгаас гарах асуудалд ямар байр суурьтай байгаа юм. Асуудал үүссэнээс хойш бүр ч өдөж, хэрэлдэж эхлээд байгаа юм биш үү. Таны хувьд ямар шийдвэртэй байгаа вэ?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд зөвийг дэмжиж, бурууг засч залруулан голч байр сууринд байхын төлөө л зүтгэхсэн гэсэн хатуу бодолтой явна. Улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг аль болох нээлттэй ярилцаж, тал талаасаа санал бодлоо уралдуулж, нэгэн шийдэлд хүрээд, түүнийгээ зохих хууль журмаар нь УИХ-аараа хэлэлцэж батлаад ажил хэрэг болгодог зарчмаа хатуу мөрдөх ёстой. Хамтарсан нэрээр хаацайлан Засгийн газраас орж ирсэн болгоныг үг дуугүй дэмж гэсэн шаардлага тавьж болохгүй. Тэр тусмаа яаралтай горимоор гэсэн байдлаар асуудалд тулгах нь буруу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаа харилцан ойлголцож, хамгаалж гарахын оронд УИХ дээр өөрсдөө эсрэг санал өгч унагачихаад МАН-аас болсон мэтээр увайгүй загнах нь зүйд нийцэхгүй.

-МАН үнэхээр засгаас хөөгдөх үү?

-Засгийн газар хамтарч байгуулахдаа хийсэн гэрээгээ үе үе дүгнэж, хариуцлага сахилга ярьж, хийж байгаа ажлаа эрчимжүүлэх нь зөв л дөө. Гэхдээ ямар дүгнэлт хийчихээд, ямар ноцтой алдаа, дутагдал гаргачихаад хөөх туухдаа тулчихав гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хэдийгээр Засгийн газарт хамтарч байгаа ч гэлээ парламентад хамгийн олон суудалтай нам бол АН хэвээрээ байгаа шүү дээ. Тийм ч учраас Ерөнхий сайд нь манлайлаад олныхоо хүчээр бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлээд явах үүрэг хариуцлага АН-д байх ёстой. Асуудлыг сөрж олон асуудал тавигдана.

-Ямар?

-Тухайлбал, МАН-ын бүлэг, гишүүд санаачлаад зарим яам, банк, байгууллагад шалгалт хийж зарим замд гүйцэтгэл гарган хэдэн арван тэрбумаар дампууруулсан зэрэг ноцтой зөрчлүүд илрүүлснийхээ төлөө засгаас хөөгдөх ёстой гэж үү. Эсвэл УИХ-д Засгийн газраас орж ирсэн асуудлаа бүр АН-ын бүлгийн дарга нь оролцож унагаад байгаагийн төлөө МАН засгаас хөөгдөх ёстой юм уу. Монгол Улсынхаа эдийн засаг, хөгжлийн асуудлаар санаа зовниж төр засаг сайн ажиллахгүй бол улс орноороо дампуурч болзошгүй тухай зарим гишүүд үзэл бодлоо илэрхийлсний төлөө МАН засгаас хөөгдөх ёстой гэж үү гэсэн асуулт ч бас тавигдах байх. Түүнчлэн МАН-аас томилогдон сайдаар ажиллаж байгаа нөхөд маань салбарынхаа болон улсын нийгэм, эдийн засгийн асуудлаар шүүмжлэлтэй хандаж санаа бодлоо хэлсний төлөө МАН засгаас хөөгдөх болж байна уу. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга, орлогч нарын дайрч давшлаад байгаа үг тэр намын байр суурь мөн үү гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нэг ёсондоо АН Засгийн газарт бусад намуудыг урьж оруулсан юм чинь хөөх эрх байгаа гэж ойлгоод байгаа юм байлгүй дээ.

-Тэгэхээр МАН-ынхан засгаас хөөгдөтлөө гүрийгээд байна гэсэн үг үү?

-Төр засаг тогтвортой ажиллаж Монгол Улсынхаа цаашдын хөгжлийн тулгуур асуудлууд болох Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, сонгуулийн тухай, Төрийн албаны тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай зэрэг олон хуулийг хэлэлцэж батлах шаардлага тулгараад байгаа үед төрийн эрх барих дээд байгууллагад хамгийн олон суудал эзэлсэн нам ийм увайгүй зан гаргахыг иргэд олон нийт хэр хүлээж авах юм бол доо. Надад байгаа мэдээлэл, мэдрэмж, сонгогчдын санал бодол арай өөр байгаа шүү. Эцэст нь АН-ын зүгээс МАН-ыг засгаас хөөгөөд байхад нь гүрийгээд суугаад байх хэрэггүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлье.

 

Эх сурвалж: Өдрийн сонин