m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 05:56
90
"Халдварт өвчнийг бууруулъя" аяны үр дүнг танилцууллаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өрхийн эмнэлгүүдтэй хамтран улирал бүр аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ улиралд "Халдварт өвчнийг бууруулъя" уриан дор хамтарсан аяны хаалтын ажиллагаа болж үр дүнг хэлэлцлээ. Хаалтын ажиллагаанд өрхийн эмнэлгүүд аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар танилцуулж харилцан туршлага солилцлоо. 

Тус дүүргийн хувьд халдварт өвчний тархалт өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэр дундаа эмэнд дасалтай сүрьеэ, БЗХӨ-ний тоо их байгаа аж. 

Уг аяны талаар Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдлийн өрхийн менежер Х.Нямжаваас тодрууллаа.

-"Халдварт өвчнийг бууруулъя" аяныг өрхийн эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран зохион байгууллаа. Аяны ач холбогдол нь юу вэ?

-Манай эрүүл мэндийн нэгдлийн зүгээс өрхийн эмнэлгүүдийн дунд гурван сарын хугацаатай аян зохион байгуулж байна. Эхний улиралд "Эх хүүхдээ идэвхитэй хяная" гэсэн аяныг зохион байгуулсан. Хоёрдугаар улиралд "Халдварт өвчнийг бууруулъя" гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явагдаж дууслаа. 2014 оны сүүлчээр халдварт өвчинтөй холбоотой тушаал шийдвэрүүд өөрчлөгдсөн. Эдгээр тушаал шийдвэрүүдийг өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор сургалт явуулсан. Анхан шатны тусламж үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, сувилагч нар маань мэргэжлийн зүгээс ямар асуудалд анхаарах вэ гэдгийг аянаараа дамжуулан хүргэж байна. 

-Гурван сарын турш аян зохион байгуулаад өнөөдөр үр дүнгээ хэлэлцэж байна. Гарсан үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдсэн журналтай боллоо. Ингэснээр бүртгэл бүрэн гүйцэд хийгдэх юм. "Дэлхийн Зөн" байгууллагатай хамтран гэр хорооллын 50 айлын усны сав, бохирын цооногийг стандартын дагуу болгосон. Мөн 100 айлыг гар угаалтууртай болгосон. Өрхийн эмнэлэг дээр аюултай хог хаягдал хэрхэн устгах стандартын дагуу ажилладаг болсон. 

-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хувь хүнээс шалтгаалах асуудал шүү дээ. Иргэнд чиглэсэн ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Иргэдийн зүгээс бол гарын ариун цэврийг сахих хэрэгтэй. Зориулалтын гар ариутгагч шингэнийг хэрэглэж заншвал аливаа халдварт өвчнөөс 95 хувь хамгаалж чадна. Гарын ариутгагч уусмалын хүртээмжийг нэмэгдүүлэх, гар угаахын ач холбогдлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.