m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 05:58
310
Баялаг бүтээгчдийг бэлтгэн гаргадаг Техник технологийн дээд сургууль

Өдгөө Техник технологийн дээд сургууль нэртэй энэхүү сургууль анх 1984 онд Барилгын техник мэргэжлийн V дунд сургууль нэртэйгээр байгуулагдсан ба 1995 оноос Монгол-Туркийн хамтарсан барилга техникийн коллеж, 2000 онд Техник технологийн коллеж, 2012 онд Техник технологийн дээд сургууль болон өргөжиж барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлдэх зорилгоор байгуулагдсанаас хойш 31 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд 12 гаруй мянган мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргасан байна. Монгол Улсын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, хамгийн ихээр шаардагдаж буй боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг тус сургуулийг бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслөөрөө онцолж байна.

Техник технологийн дээд сургуулийн Ерөнхий захирал Б.Ганбат

-Юуны өмнө сургуулийнхаа талаар танилцуулна уу?

-Манай сургууль өмнө нь "Барилгын тавдугаар тмс" гэж олны дунд нэрлэгддэг байсан. 2006 оноос хувийн өмчит сургалтын байгууллага болон өөрчлөн зохион байгуулагдснаар одоо 200 гаруй эрдэмтэн багштай 3000 оюутан суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн сургалтын орчин, багшлах боловсон хүчний боломжоо ашиглан мэргэжил эзэмшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулж төв, орон нутгийн 1200 гаруй хүнд сонирхсон мэргэжлийг нь эзэмшүүлж тэдгээрийн 76 орчим хувийг ажлын байранд хуваарилж, зуучлаад байна. Тус сургууль нь Япон улсын Токиогийн ШУ-ны Их сургууль, Синдай, Салежү Коосэн сургууль, Австралийн Холмесглен Их сургууль, ОХУ-ын Москва хотын Үндэсний судалгааны Барилгын Их сургууль, Буриад улсын Улаан-Үүд хотын Ойн аж үйлдвэрийн коллеж, Инженерийн сурган хүмүүжүүлэх ухааны коллеж, БНХАУ-ын Таншань хотын Барилгын сургууль, БНСУ-ын Дунг И Технологийн Дээд сургууль зэрэг сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ Монголын Мянганы Сорилтын Сан, Филиппиний Коломбын төлөвлөгөөний хүний нөөцийн коллеги, Европын Холбооны улсуудаас Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БНЧех Улсын Олон улсын Каритас байгууллагатай хамтран ажилладаг. 

-Бусад сургуулиас давуу тал, өөрөөр хэлбэл сургалтын ямар онцлогтой вэ. Энэ хичээлийн жилд хэчнээн оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байна?

-Манай сургууль шаталсан сургалттай гэдгээрээ онцлог юм. Дээд боловсролыг зургаан мэргэжлээр бэлтгэж, техникийн боловсролыг 1,5 жилээр суралцуулан олгож байна. Мөн өнгөрсөн хичээлийн жилээс технологийн ахлах сургуулийг байгуулсан. Энэ нь японы Коосэн системийг Монгол улсад нэвтрүүлэх зорилготой. Шинэ хичээлийн  жилд 1300 оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Элсэлтийн бүртгэлээ эхлүүлсэн эхний дөрөв хоногийн хугацаанд 200 гаран оюутан бүртгүүлээд байна.

Би түрүүн хэлсэн. Манайх шаталсан сургалт явуулдгаараа онцлогтой. Жишээ нь манайд сантехникчийн мэргэжил эзэмшээд төгссөн оюутан маань ажиллаж байгаад цаашдаа мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой бол үргэлжлүүлэн суралцаад инженер болох боломжтой. Түүнээс гадна манай сургуулийн бас нэг онцлог давуу тал бол барилгын мэргэжлийн жишиг сургууль болсон. Үүнийг бид өөрсөддөө өгсөн цол гуншин биш юм. АНУ-ын Мянганы сорилтын корпорациас манай улсад хэрэгжүүлсэн төслөөс  гурван жишиг сургууль тодорхойлсны нэг нь манай сургууль болсон. Мөн манай сургууль Ази номхон далайн бүс нутагтаа магадлан итгэмжлэгдсэн. Энэ нь манай сургуулийг төгссөн бол дээрх бүс нутагт хамрагдах 17 оронд очиж мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Техник технологийн дээд сургууль нь өөрийн эзэмшлийн 2,6 га газарт сургалтын орчны шаардлага хангасан өргөтгөл бүхий тохилог хичээлийн байр, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий мультмедиа төв, интернет төв, утасгүй интернетийн орчин, номын сан, урлаг, лекц болон биеийн тамирын заал, 2800 м2 талбай бүхий 28 лаборатори, дадлагын газар, хичээлийн байранд ойрхон 400 оюутны тохилог байр, цайны газартай. Энэ бүхэн нь оюутнуудын хичээл сургалтаа явуулах боломжийг бүрэн шийдэж өгдөг нь бас нэг давуу тал нь юм.

-Аливаа сургуулийн чанарын түвшинг тухайн сургуулийг төгсөгчид ажлын байраар хэр хангагдаж байгаагаар тогтоодог. Тэгэхээр танай сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагддаг вэ?

-Бид баялаг бүтээгчдийг бэлтгэн гаргадаг гэдгээрээ ялгардаг. Олон том барилга, бүтээн байгуулалтын ажилд манай сургуулийн төгсөгчид гар бие оролцож байгаа нь хамгийн том бахархал юм. Манайх зөвхөн барилгын салбарт гэхэд 200 гаран компанитай хамтарч ажилладаг. Ингэснээр манай төгсөгчид тэдгээр газарт ажиллах, дадлага хийх бүрэн боломжтойгоос гадна тухайн компаниудын ажилчдад манай сургууль давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг явуулдаг. Тийм ч учраас төгсөгчид маань ажилгүй байх нь ховор төдийгүй ажилтан авах зар дээр "Техник технологийн дээд сургуулийг төгссөн бол давуу тал болно" гэсэн зар хүртэл явж байдаг юм. 

-Тусгай мэргэжил олгодог гэдэг утгаараа багшлах боловсон хүчний асуудал хэр байдаг вэ?

-Манайд ажиллаж байгаа 200 гаран албан хаагчдын 110 гаруй нь багш нар. Тусгай мэргэжил олгодог техникийн сургуулийн хувьд багшлах боловсон хүчний хувьд нэлээд тулгамдсан асуудал болдог. Бид  сайн сурдаг оюутнуудаа эндээ багшаар бэлтгэж үлдээх, мөн өөр газар ажиллаж туршлага хуримтлуулсан төгсөгчид маань эргээд сургуульдаа багшлах явдал ч цөөнгүй байдаг. Үндсэн багш нараас гадна манайд дэлхийн долоон орноос багш нар ирж ажиллаж байна. Үүнээс дийлэнх нь япон багш нар байгаа. Тэд барилга, зам, мужааны хичээл заахаас гадна солонгосын киа, соната автомашины ажилчдыг бэлтгэдэг Дунг И Технологийн Дээд сургуулиас багш нар ирж техникийн хичээлүүдийг заадаг.

-Танай сургуулийн гурван оюутан Бразил улсад болох "Дэлхийн ур чадварын тэмцээн"-д оролцох эрхийг авсан. Энэ талаараа танилцуулах уу?

-Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразил Улсын Сан Пауло хотод ирэх наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдна. Энэхүү тэмцээнд оролцогчдыг шалгаруулах тэмцээнийг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж 60 гаруй хүүхэд оролцож найман шилдэг оролцогчийг шалгаруулсны гурав нь манай сургуулийн оюутнууд байгаа. Эдгээр гурван хүүхэд маань мужаан, гагнуур тогооч гэсэн мэргэжлээр дэлхийн тэмцээнд оролцоно. Үүнээс гадна олон уралдаан тэмцээнд манай сургуулийн хүүхдүүд амжилттай оролцдог нь бидний сургалтын чанарын үзүүлэлт болж өгдөг.

Ингээд тус тэмцээнд оролцох эрх авсан оюутнуудтай уулзсан юм.

Б.Мөнх-Эрдэнэ /Тогоочийн 3а/

Би 2012 онд Техник технологийн дээд сургуулийн тогоочийн ангид элсэн орсон. Сургуулийн маань гол давуу тал нь багш нар оюутан нэг бүртэйгээ тулж ажилладаг. Дадлагын орчин сайтай, онол практикийг хослон сургадаг учраас хичээлүүд нь илүү сонирхолтой байдаг.

Монгол ур чадвар тэмцээнд тогооч мэргэжлээр оролцож түрүүлэн Бразил улсад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох болсон. Одоо бэлтгэлээ хийж байгаа.

Д.Нармандах /Барилгын мужааны анги/

Би барилгын мужааны ангид суралцдаг. Манай сургууль мэргэжлийн чиглэлийн сургалт, онол практикийн тал дээр маш сайн боловсролыг өгч чаддаг. Тийм ч учраас би өмнө нь гэр орныхоо ойр зуурын модон эдлэлийг засаж сэлбэдэг байсан бол одоо барилгын мужааны ажлыг бүрэн хийх чадвартай болсон. Мөн мэргэжлийнхээ хүрээнд Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох болсон нь сургуулийн маань сургалтын чанар, үр өгөөжтэй холбоотой юм. Өмнө нь би Буриадын сургуультай хамтран зохион байгуулсан тэмцээнд түрүүлж байсан, энэ удаа дотоод заслын чиглэлээр дэлхийн тэмцээнд ур чадвараа сорих гэж байна. Тэмцээний бэлтгэлээ БНСУ-д очиж 14 хоног хийгээд ирсэн.