m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 06:45
42
Чавганцаас ч дор чалчигсад

Үнэн гэж байдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэж явсан хүүхэд насны итгэл энэ цаг үед ул мөргүй арилна чинээ зүүдлээгүй явлаа, хөөрхий. Ахмад настан, дарга, төрийн түшээ хүний үг юу юунаас ч илүү  үнэн байдаг байж билээ. Харин одоо цагт үнэн гэж үлгэрийн далай болсныг хүн бүхэн батлах шиг.

 

Үзэгдэл-1

Монголчуудын тахин шүтэх нь холгүй байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцохдоо  олон баримт дэлгэсэн. Төрийн түшээ тасралтгүй хашсан олон жилийн үйл явдлыг ар араас нь хөврүүлчихэв. Алаг үрээ алдах амь дүйсэн өдрүүд төрийн хоёр тэргүүний гэр бүлд байсан байх юм. Ашиг хонжоо харж хуйвалдаан зохиож байсан гээд л итгэж, үл итгэж болох олон жишээг тэр дурьдсан. Үзэхэд сонирхолтой сайхан л байсан.

Алаг үрээ алдах амь дүйсэн өдрүүд төрийн хоёр тэргүүний гэр бүлд байсан байх юм. 

Харин хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуг нь барин үгүйсгээд эхэлсэн. Мөн энэ ярилцлагад нэлээдгүй нэр нь дурьдагдсан Ц. Нямдорж ч байж болох бүх хариуг түүнд барьсан.Хэн нь үнэн яриад, хэн  нь хар амиа хоохойлохын тулд худал ярьсныг хэлэх хүн байна уу.

Үзэгдэл-2

Олны анхаарал татсан хэргийг монголчууд сайн санаж буй. Төрийн түшээ сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал. Нэг хэсэг нүүрээ хийх газаргүй шахуу болтлоо адлагдсан түүний хууль зүйн салбарт хийх гэсэн шинэчлэлийн зарчим уг нь зөв байсан юмсан. Харин яагаад, ямар учир шалтгааны улмаас тас цохиулсныг Эрүүгийн цагдаагийн газрын дарга асан Н.Ууганбаяр саяхан дэлгэлээ.

Н.Ууганбаярын ярилцлагын хариуг УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин барих нь дамжиггүй

Түүний яриагаар Х.Тэмүүжин үзэл бодол, үйл хэрэг хоёр нь зөрчилдөж, ярьснаасаа тэс хөндлөн зүйл хийж эхэлснээс хамтран ажиллах боломжгүй гэдгээ удаа хэлсэн гэжээ. Хэрэг гарвал хүний хөнжил рүү хүртэл шахайдаг эрүүгийнхэн энэ удаа Х.Тэмүүжингийн хөнжил байтугай руу нь орчихсон. Хамгийн эцэстээ сайд суудлаасаа огцорч, сайдаа тагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хурандаа нар өнөөдөр ажилгүй гудамжинд алхаж яваа. Хоёр үзүүртэй зүү адил энэ үйл явдлын мэдээлэл эргэлзээтэй, нууцлаг байсаар өнөөдрийг хүрлээ. Н.Ууганбаярын ярилцлагын хариуг УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин барих нь дамжиггүй. Гэхдээ одоо биш болов уу.

Үзэгдэл-3

Наадам дөхсөн энэ өдрүүдэд олны анхаарлыг Дархан хоёр аваргын ярилцлага татаж, ярианы сэдэв болж, амнаас ам дамжин олонд хүрч эхэллээ.  Хууль зөрчсөн, зөрчөөгүй л гэнэ. Нэгнийгээ балмад, танхай үйлдэл гаргасан л гэнэ. А.Сүхбатын мэдээллийн хариуд  Г.Өсөхбаяр аварга ямар "бэлэг" барихаа олж, 14 жилийн өмнө чихэнд нь шивнэсэн үгийг түмэнд дэлгэчихлээ.

Аваргууд алтан үеийн бөхчүүдээс монгол эр хүний жудаг, ёс зүй гэдгийг бага ч гэсэн гадарладаг болсон болохоор таагүй мэдээлэл өгөөд байгаа ч хэн хэнийгээ сайн хүн, сайн бөх гэж хэлэхээ мартаагүй нь улстөрчдөөс нэг ялгагдах тал нь аж.

Ариун явдал, шударга ёс гээчийг лоозон болгосон А.Сүхбат аварга монгол түмний дээдэлдэг бөхийн зүлэг ногоон дэвжээн дээрээ наймаалцах тухай эх адаггүй бурсаар эцэстээ анхаарлыг нь сарнисан тэр агшинд аваад хаячихсан бололтой юм. Бичлэгийг хараад байхад А.Сүхбат амандаа нэг зүйл яриад байгаа нь анзаарагдана билээ. Гэхдээ чухам юу ярьсныг Г.Өсөхбаяраас өөр хэн ч сонсоогүй, мэдээгүй. Аваргууд алтан үеийн бөхчүүдээс монгол эр хүний жудаг, ёс зүй гэдгийг бага ч гэсэн гадарладаг болсон болохоор таагүй мэдээлэл өгөөд байгаа ч хэн хэнийгээ сайн хүн, сайн бөх гэж хэлэхээ мартаагүй нь улстөрчдөөс нэг ялгагдах тал нь аж.

MASS.MN сайтын санал асуулгад олон нийт ингэж хариулжээ. 2015.06.30-ны  15.37 цагийн байдлаар

Тайлал хийгээд дүгнэлт

Энэ үйл явдлуудыг эргээд нэг цэгцэлж, дүгнэлт хийе гэхээр зуун дараа зулзагатайгаа тархинд байгаа мэт санагдсан хүн олон байгаа байх.  Олны анхаарал татсан, үйл явдлын гол гэрчээс ярилцлага авна гэдэг сэтгүүлчийн ур чадвар. Харин ярилцаж буй зочид юу ярьж, ямар мэдээлэл олонд өгч буйгаа эргээд нэг анзаардаг болоосой. Аливаа улс үндэстэнд бахархал заавал байх ёстой бус уу. Хий хоосон хөшөө, дурсгал, баримал бус  хийж бүтээсэн, ажил амьдрал нь үнэний цагаан мөртэй хүн монголчуудын бахархал байх ёстой. Гэтэл энэ мэт үйл явдлын хөврөл монголчуудыг хэнд итгэдэггүй, төрийн түшээ, алдар цуугаа мандуулсан хэний ч үг  худал хуурмаг байдаг гэсэн сэтгэхүйн доройтол руу хөтөлж байна. Ярьж буй бүхнээ мэддэг байх хэрэгтэй гэдэг ч мэдэхгүй, чадахгүй бүхнээ монголчууд хамгийн их ярьдаг болжээ.Үүний үр дагавар асар хор хөнөөлтэй.

Гэхдээ нэр төртэй, монголчуудын хайр, хүндлэл, итгэлийг тээж яваа хүмүүс айл айл хэсэж, аяга цай хувааж ууж буй чавганц биш.

Хэн ч хамаагүй,  юу дуртайгаа бурж, олон нийт түүнд итгэнэ үү байна уу огт хамаагүй гэж бодож буй нэг хэсэг байх. Гэхдээ нэр төртэй, монголчуудын хайр, хүндлэл, итгэлийг тээж яваа хүмүүс айл айл хэсэж, аяга цай хувааж ууж буй чавганц биш. Эх адаггүй хөврөх тэдний яриа чавганц нарын ярианаас ч үнэ цэнэгүй болж. Хэлсэн үг байтугай хийсэн буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага огт хүлээдэггүй, харин ч дэвшин дээшилж буй энэ балчиг намагнаас  монголчуд хэзээ салах юм бол.