m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 07:39
64
Сансар орчмын баар, цэнгээний газрыг цэгцэлнэ

Баянзүрх дүүргийн гурав, долдугаар хорооны иргэдийн хүсэлт санаачлага, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн байна. 

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар цагдаагийн байгууллагаас гаргасан тус хороодод гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн амгалан тайван амьдрах нөхцөлгүй байгаа байдлыг харгалзан үзэж холбогдох шийдвэр гаргаж байгаагаа Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү хэллээ. "Согтуугаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд хэргийн дийлэнх нь танхай, дээрэм, хулгай, цаашилбал хүчингийн хэрэг гарч байна. Тус орооны иргэд танхай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болдог байдал удаа дараа гарсан. Баар цэнгээний газрыг дагаж гэмт хэргийн нөхцөл байдал үүсээд байгаа нь  мөн согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол ч олон байгаа нь бидний санааг зовоож байна" гэлээ. 

Тус хоёр хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Тус хоёр хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоонд архи согтууруулах ундаа худалдаалдаг бөөний цэг, худалдааны газрууд, том жижиг зочид буудлыг оруулаагүй гэнэ. Гуравдугаар хорооны нутаг 23, Баянцээлийн гудамж дагуу 37 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг юм байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл байдал, тав тух нь алдагдаж байгаа тухай оршин суугчдаас ирүүлсэн удаа дараагийн гомдлын дагуу дүүргийн цагдаагийн хэлтэс, худалдаа үйлчилгээний хэлтсээс явуулсан судалгааны дүнг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэж тус хороодыг  “Архигүй-Амар тайван хороо” болгох саналыг дэмжиж шийдвэрлэсэн байна.