m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 08:01
38
Ноцтой баримтуудыг ил болгохыг шаардлаа

Хохирогчдын холбоо болон Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд 2008 оны долдугаар сарын 1-нд хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, тухайн үйл явдлын гэм буруутай улстөрчид болон албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардлаа. Мөн долдугаар сарын 1-ний хохирогчдын хөшөөг барьж босгох ажлыг нэн даруй эхлүүлж, тус үйл явдалтай холбоотой ноцтой баримтуудыг ил болгож, үнэн мөнийг ард түмэнд ил болгохыг шаардаж байна. Хэрэв дээрх иргэний нийгмийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Тусгаар тогтнолын ордны гадаа өлсгөлөн зарлаж, тайван замаар шийднэ гэдгээ илэрхийлэв.

Энэ талаар Бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга Б.Зоригоо хэлэхдээ "Аливаа сонгуулийг башир аргаар авах гэж оролддог төрийн буруугаас болж Монгол Улс таван сайхан хүүгээ алдсан. Энэ байдал цаашид үргэлжилбэл дахин хэдийг ч алдах юм билээ. Өнөөдөр нийгэмд асуудлыг шийдэхгүйгээр улс орны эрх ашгийг хойшлуулж, намын эрх ашгийг урдаа тавьснаас бухимдал дээд цэгтээ хүрсэн. Энэ нь сонгуулийн тогтолцоотой холбоотой юм. Өөрөөр хэлбэл Герман улсын сонгуулийн тогтолцоог хуулбарлаж байгаа. Бид хэдий болтол гаднын зүйлийг хуулбарлах юм бэ. Ингэхдээ ард түмнээсээ хэзээ ч санал авдаггүй. Иймээс улс төрийн намууд ухамсартайгаараа иргэдээсээ санал авч, Улс төрийн нам болоод Улс төрийн сонгуулийн тухай хуулиар батлах хэрэгтэй. Долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр иргэдээ өмөөрч үг хэлсэн бүх хүнийг барьж, шоронд хорьж байсан. Ийм бусармаг үйлдлийг таслан зогсоохгүй бол ирэх оны сонгуульд дахин давтагдаж болзошгүй юм" хэмээлээ.

Түүнчлэн энэ үеэр “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр "Өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гараагүй. Үр хүүхдээ алдсан хүний хувьд хэлэхэд би энэхүү асуудлыг заавал шийдвэрлүүлнэ. Би 1996 оноос эхлэн ардчиллыг дэмжиж ирсэн. Тэгээд 2012 онд Ардчилсан нам ялахад үнэхээр их баярлаж байсан. Учир нь тухайн үед манай улсад шийдвэрлэх ёстой олон асуудал байсан. Энэ бүхнийг шийдэж өгнө гэдэгт итгэсэн. Би Ардын намд гомддоггүй. Учир нь тэр миний хувьд "алуурчин". Хүн алуурчинд гомддоггүй шүү дээ" гэсэн юм.