m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 08:27
99
Ц.Батхүү: 12 мянган иргэний эрх ашгийг хүндэлнэ гэдэгт итгэж байна

Баянзүрх дүүргийн гурав, долдугаар хорооны иргэдийн хүсэлт санаачлага, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн байна. Уг асуудлын талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүүтэй ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэр ялангуяа 3,7 дугаар хорооны цаашилбал олон нийтийн талархалыг хүлээсэн ажил болно гэдэгт итгэж байна?

-Баянзүрх дүүргийн  3,7 дугаар хороо буюу Сансар үйлчилгээний төв  орчим 23, Баянцээлийн гудамж дагуу 37 цэг архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг хүндрүүлж байна. Дүүргийн хэмжээнд ирсэн өргөдөл, гомдлын 33.3 хувийг согтууруулах ундаа, үйлчилгээний талаар ирсэн өргөдөл, гомдол эзэлж байгаа бөгөөд тэдгээр гомдлын 66,7 хувь нь тус хоёр хорооны согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тухай байна. Иргэдийн гомдолд амрах цагтаа тайван унтаж, амарч чадахгүй, охид, эмэгтэйчүүдийг айлгах, ичээх, залуучууд зодуулах, дээрэмдүүлэх,  согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд хаа дуртай газраа бие засахаас эхлээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Мөн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь жил жилийн тоон мэдээллээс харагддаг. Тиймээс энэ хавийн согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг цэгцлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 3,7 дугаар хороог “Архигүй-Амар тайван хороо” болгон нэрлэсэн шийдвэр гаргасан. Энэ ажил иргэдийн олон жилийн турш гаргасан өргөдөл санал, гомдол дээр үндэслэж хийгдэж байгаа юм.

Энэ ажил иргэдийн олон жилийн турш гаргасан өргөдөл санал, гомдол дээр үндэслэж хийгдэж байгаа юм.

- Тус хороодын хүн амын тоо хэд байдаг юм бол. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороодын иргэдийн тоо цөөн хүн амтай аймгийн хэмжээнд хүрсэн гэж ярьж байхыг сонсч байсан юм байна?

- Гуравдугаар хороо 5933, долдугаар хороо 6340 иргэнтэй. Нийлээд 12 мянга гаруй. Манай дүүргийн хувьд харьцангуй цөөн хүн амтай хороод хэдий ч энэ хоёр хорооны нутаг дэвсгэрт 60 аж ахуйн нэгж архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөл байдлыг маш ихээр алдагдуулдаг. Бид иргэдийн санал, гомдолд үндэслэн тус хороодод судалгаа явуулсан. Судалгаанд маань 1585 иргэн оролцсоноос 70 хувь нь архидалт тэдний тайван амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэсэн бол, мөн 800 хүн өөрөө болон гэр бүлийнхэн нь гэмт хэргийн хохирогч болж, хэл амаар доромжлуулах эрсдэлд орж байснаа хэлсэн байгаа. Өнгөрсөн сард тус хоёр хороон дээр Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахад иргэдээс хамгийн ихээр энэ асуудлыг сөхөж тавьж, цаашид хэлэлцэх асуудлаараа батлаад, эдгээр газруудыг цэгцлэх ажлыг 100 хувь дэмжсэн юм. Дан ганц иргэдийн төдийгүй тэр хавийн хог, хаягдлыг хариуцдаг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрынхан хэлэхдээ согтуу хүмүүс хаа таарсан газраа бие засаж, бөөлждөг. Зуны улиралд тэр хавийн үнэр танар хэцүүддэг бол өвөл болохоор хөлдөж, цэвэрлэхэд хүндрэл үүсгэдэг болохыг хэлж байлаа.

Дан ганц иргэдийн төдийгүй тэр хавийн хог, хаягдлыг хариуцдаг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрынхан хэлэхдээ согтуу хүмүүс хаа таарсан газраа бие засаж, бөөлждөг

-Баянцээлийн гудамжинд цагдаагийн пост ажилладаг. Бас маш сайн хүчин чадалтай камержуулалтыг дүүргийн ИТХ-ын санал, санхүүжилтаар хийгдсэн санагдаж байна?

-Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр олон ажил санаачлан хэрэгжүүлсэний нэг нь Баянцээлийн гудамжинд цагдаагийн постыг байрлуулсан нь гэж боддог. Пост байршуулсанаар ил задгай хог хаях, үйлчилгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллах зөрчил арилж, цөөнгүй гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоох зэргээр тодорхой үр дүнд хүрсэн.  

-Аливаа асуудал хоёр талтай байдаг. Та бүхний шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулах эрхээ хязгаарлуулахад биенес эрхлэгчид яаж хүлээн авах бол?

-Бид бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ажилладаг. Гэтэл нэг дор шахам  баар цэнгээний  60 газар үйл ажиллагаа эрхэлсэнээр оршин суугч 12 мянган иргэний эрх ашиг зөрчигдөөд байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газруудын төвлөрөл гэмт хэргийн үүр уурхай болоход хүрээд байгаа нь асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдлыг үүсгэж байгааг бизнес эрхлэгчид маань ойлгож, иргэдийн саналыг ухаалгаар хүлээн авч, асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Тэдгээр бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөд цэцэрлэг, үсчин, халуун ус гээд ямар л үйл ажиллагаа явуулбал бид дэмжиж, дүүргийн зүгээс хамтран ажиллах бүрэн боломжтой.

- Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг Нийслэл хэрхэн шийдвэрлэх бол?

-Бид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Захирагчийн ажлын албатай нягт хамтран ажилласаар ирсэн. Үүний хүчээр олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн саналд үндэслэж Тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч, шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.