m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 00:53
822
Долоодугаар сарын 1 дахин бүү давтагдаасай

Зуны дэлгэр цаг ирсэн долоодугаар сарын 1. Энэ өдөр Монголын түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт үйл явдлыг мартахыг хичээв ч ...

 

2008.07.01-ний  12.05 цагаас эхлэн  таван хүний алтан амийг авч одсон аймшигт үйл явдал эхэлсэн юм. О.Магнай, Ж.Батзандан нар сонгуулийн дүнг эсэргүүцэн шаардах хуудас МАХН-ын байранд хүргүүлж байна гэх мэдээлэл олны анхаарлыг нэг их татсангүй. Харин төд удалгүй намын дарга нар гарч ирж бичгээ аваагүй учир жагсагчдын эсэргүүцэлтэй МАХН-ын төв байрны хамгаалалтынхан туллаа гэх мэдээлэл тархаж эхлэв. Энэ үеэс олон нийтийн анхаарал тэр зүгт хандсан. Цаг минутаар байдал хүндэрч, жагсаал Л.Магнай, Ж.Батзандан нарын хяналтаас гарах тэр агшинд О.Магнай "Бид эсэргүүцлээ илэрхийлэх гэж ирсэн болохоос үймээн самуун дэгдээх гэж ирээгүй. Та нар ингээд тар" гэсэн боловч түүний үг цугласан олны чихэнд огт хүрээгүй юм.

Хийн буугаар буудаж, чанга яригчаар ухуулга  хийгээд ч тэдэнд нөлөөлөх цаг аль эрт өнгөрсөн байв.

Цугласан олны дундаас хэсэг залуус "МАХН-ын байр луу дайрч оръё, тэд Монголыг залгиж байгаа" гэсэн үг хэлж хаалга, цонх руу нь чулуу нүүлгэж эхэлсэн. Гал унтраах ангийн машин дуут дохиогоо хангинуулсаар цугласан олон руу ус цацах арга хэмжээ авч эхлээгүй шахуу байхад цаасны хутгаар усны хоолойг зүсэж орхиод, цонхыг нь хагалчихав. Үймээний ойр орчим байгаа машиныг шууд шатааж тойрон бүжих залуусыг юуны төлөө, яагаад ийм үйлдэл гаргаж буйг тухайн үед цугласан хүмүүс ухаарах  ч завдалгүй, зөвхөн дайраад  гэсэн үгийг л сонсох тэнхээтэй нэгэн болсон байв.

Энд тэнд цагдаагийн ажилтан зодуулсан, хашааны хурц ирмэгээр гуяаа сүвлүүлсэн, тархи нь хагарсан байх дүр зураг ердийн үзэгдэл болж эхлэв. Хийн буугаар буудаж, чанга яригчаар ухуулга  хийгээд ч тэдэнд нөлөөлөх цаг аль эрт өнгөрсөн байв.

Үймээн самуун дээд цэгтээ хүрсэн цаг 21.30 байлаа. Сэтгүүлч миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлатал МАХН-ын төв байр болон, Д.Сүхбаатарын талбайд ажилласан учир цуглагсад ямар аргаар хэрхэн эсэргүүцлээ илэрхийлж байсныг харж байв.

Үймээн самуун сүүлдээ дээрэм тонуул, танхайрал болж онц байдал зарласнаар намжиж байсан юм.

Энд тэндгүй согтуу, ааг омог нь дийлдэхээ байсан залуус. Тэдний амнаас "Алъя, дайръя, устгая" гэсэн үг л урссаар. Шилтэй зүйл дамжуулан ууж буй залуус хаанаас архи олсныг хэн ч тааж мэдэшгүй. Ундааны саванд хийсэн архи сүүлдээ виски, дарс болж өөрчлөгдөв. Энэ нь МАХН-ын байрны доод давхарт байрлах дэлгүүрийн бараа байсан юм билээ. Энэ үйл явдалд хүн бүр өөр өөрийн үзэл бодлоор дүгнэлт хийдэг. Тэр шөнө  аймшигт үйл явдлыг хараад Монголын залуус ийм байх гэж гэсэн бодол төрж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Нийт цугласан хүмүүст бус нэг хэсэг залуус тэр дундаа архи ууж халамцсан хүмүүсийг буруу зүйлд уруу татан, түүхийн дурсгалт газар, бусад чухал обьект руу дайрахыг уриалж байсан хүмүүст энэ үг хамаатай. Үзэл бодлоо үгээрээ, үйл хэрэг, үйлдлээрээ илэрхийлэх эрх бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэсэн ч ардчилсан нийгэм гэдэг анархизмийг дэвжээх талбар биш. Хүний эрхээр өөрийн эрх хязгаарлагддаг гэдгийг ухамсарт хүн бүхэн мэддэг, ойлгодог болсон. Үймээн самуун сүүлдээ дээрэм тонуул, танхайрал болж онц байдал зарласнаар намжиж байсан юм.

Энэ үйл явдлын хохирогч олон зуун хүн бий. Төрийн цагдаа, түмэн олны төлөөлөл жирийн иргэн, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл энэ хар үйлдлийн хохирогч болж үлдсэн. Монголын түүхэнд томоос том хар толбо үлдээсэн энэ үйл явдал дахин бүү давтагдаасай.

Алтан амиа алдсан залуус хэн байсан юм бол. Тэд ямар хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байсан юм бол.


Э.Доржсүрэн /1984-2008/

1984 оны III сарын 29-нд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд уурхайчны гэр бүлийн  ууган хүү нь болж төржээ. 1992-2002 онд Ерөнхий боловсорлын сургууль төгссөн бөгөөд  2004-2006 онд АНУ-ын Монтана муж улсад хүмүүнлэгийн ажил хийж байжээ. Тэрээр эх орноо санагалзан  2006 оны XI сард эх орондоо ирсэн юм байна. Тэрээр эх орондоо ирээд 2007-2008 онд “Камел межер” компанид орчуулагч нярваар ажиллаж байгаад  долдугаар сарын 1-ний өдөр зуурдаар амь насаа алдсан юм байна. Тэрээр гэрлэж ч амжаагүй байсан бөгөөд аав ээж, ах дүү эмээ өвөө нартаа халамжтай, эх орондоо хайртай нэгэн байсан юм хэмээн ойр дотныхон нь дурсч байна. Талийгаач эх орноо АНУ биш юм аа гэхэд хөгжилтэй орны хэмжээнд хүргэхийн төлөө чадах бүхнээ зориулна хэмээн ярьж мөрөөддөг нэгэн байж.

Р.Мөнх-Эрдэнэ  /1981-2008/

1981 оны YI сарын 11-нд Дорнод аймгийн Эрээн хороонд төрсөн.1997 онд Эрээн хорооны найман  жилийн сургууль, 1999 онд Хэрлэн сумын VIII сургуулийн 10 жилийн сургуулийг төгссөн юм байна..Арван жилийн сургуулиа төгсөөд аймгийнхаа радистрын курс болон Цагдаагийн акадми төгсөөд тус аймгийн цагдаагийн хэлтсийн хэв журмын хэлтсийн байцаагчаар ажиллаж байсан нэгэн гэнэ. Гэр бүлээрээ нийслэлд шилжин ирж харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаанд суралцан “Гурван икс”, ”Хуяг-Очир” харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан. Ажиллаж амьдрах хугацаандаа “Онц сурлагатан”, 2003 оны Дорнод аймгийн хамгийн их хэрэг зөрчил илрүүлсэн алба хаагчаар шалгарч байжээ.Үнэнч ш түшүнийг гэнэт нартад үгүй болсонд ар гэрийнхэн нь маш их гашуудаж байгаагаа хэлж байна. 

Ц.Энхбаатар /1972-2008/
1972 оны III сарын 28-нд Сүхбаатар аймгийн иргэн Цэрэнжавын VII хүү болон төрсөн аж. Тэрээр бусдын адилаар бага насаа аймгийнхаа цэцэрлэгт өнгөрөөж, 1979-1982 онд аймгийн VIII  сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ.1887-1991 онд Хөдөө аж ахуйн техниккумийг төгсч , 1991 оноос уул уурхайн чиглэлээр бизнес хийж байсан юм байна. Уул уурхайн чиглэлээр амжилт олж байсан тэрээр  цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэгээн мөрөөдөлтэй явсан аж. Мөрөөдлөө биелүүлж амжаагүй заалуу зуурдаар амь насаа алдан чимээгүй хотод үүрд нойрсож байна. Ар гэрийнхээ өмөг түшиг болсон сэргэлэн цовоо, үнэнч шударга түүнийг ах дүүс найз нөхөд нь үүрд дурсан эмгэнэн гашуудаж байна. 

С.Ганбаатар /1952-2008/

1952 оны VII сарын 15 нд Өвөрхангай аймгйн Бат-Өлзий суманд төрсөн тэрээр долдугаар сарын 1-нд зуурдаар амь насаа алдсан. Тэрээр 10 жилийн 14 дүгээр сургууль төгсч Цэргийн ерөнхий дунд сургуулийн хөгжмийн салаанд элсэн орж хөгжимчин болж, 1978 онд цэргийн алба хашиж, Ардын армийн 013 дугаар ангид  станцын дарга, нисэхийн клубын эхрлэгч, “Хишигтэн” харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан юм.1989 оноос эхлэн ардчилалыг  тууштай дэмжиж МоАХ-ны хүндэт гишүүн төдийгүй анхны гишүүдийн нэг  байсан юм.Тэрээр ажиллаж амьдрах хугацаандаа бүх ард түмний урлагийн үзлэгийн алт, мөнгө хүрэл медальтай, Тэргүүний уран сайханч, Залуу үеийг халамжлан  хүмүүжүүлэгч, Ардчилалын дээд шагнал “Эрх чөлөөний одонгоор шагнагдаж байсан юм байна.

Д.Батсайхан /1981-2008/

1981оны IX сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн.Д.Батсайхан аав ээждээ наадмаар очно хэмээн нэг сарын өмнө ярьж байсан гэнэ. Айлын дөрөв дэх хүү багаасаа гарын дүйтэй юмханаар юм хийпэг нэгэн байж. Хүүгээ уран гартайг мэдсэн аав эжж нь хүүгээ гараараа амьдрах боломжтой хэмээн үзэж гар үйлдвэрлэл эрхлүүлж байсан аж. Талийгаач өөрийн хүслээр 2007оны 10 дугаар сард нийслэлд ирж “Андын зам” компанид цахилгаанчнаар ажиллаж байсан юм. Хүү өөрийн хүч хөдөлмөрөөр ажил хийж аав ээжийгээ үргэлж баярлуулж байсан аж. Өөрийн хувийн модон эдлэлийн үйлдвэртэй болно хэмээн ярьдаг байсан хүү үймээний үеэр зуурдаар амь насаа алдсан юм.