m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 04:44
86
Их эрсдэлтэй обьектын тоо багасчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. “Тайлан-100” арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчдаа оролцуулан цахим хэлбэрээр явууллаа.

Ерөнхий газрын бодлогын болон хяналтын газрын дарга нар ажлын төлөвлөгөөнийхээ биелэлтийг танилцуулсан байна.

Тайлангийн хурлаас Мэргэжлийн хяналтын байгууллага оны эхний хагаст ”Эрсдлийн удирдлагын стратеги дээрээ хяналт шалгалтын нийгэмд үзүүлэх үр нөлөөг тодорхой болгосон, хийх ажлын цар хүрээ, зорилт, бодлого, үр дүн илүү оновчтой, “Дунд хугацааны төлөвлөгөө”-тэй, шилэн хяналтын системтэй, мэдээллийн нэгдсэн сантай, цахим хяналтын системтэй, байцаагчийн жилийн ажлын нормативтай, үйл ажиллагааны шинэ журамтай болох зэрэг чиглэлээр томоохон ажлын эхлэл тавигдсан гэж дүгнэлээ.

Салбарын хэмжээнд тодорхой чиглэлүүдээр дүн шинжилгээ хийх ажлаа эрчимжүүлсэн, хяналтын хуудас, эрсдлийн үнэлгээ хийх ажлыг сайжруулах үе шат бүхий хөтөлбөрийн хэрэгжилтээ эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Оны эхний хагаст эрсдлийн удирдлагын системтэй болох эхлэх тавигдсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд “Төлөвлөлт, гүйцэтгэл“-ийн сарын менежмент нэвтэрч, сар бүр төлөвлөлтөө тодорхой болгох, гүйцэтгэл, явцаа дүгнэх, харьцуулах, хяналтын хуудасны хэрэгжилтийг мэдээллийн санд оруулах, дүн шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, нэгж байгууллагуудаа хүргүүлэх ажил хэвшлээ.

Оны эхний хагас жилийн байдлаар 8826 төлөвлөгөөт шалгалт, 3209 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн нь 2015 онд төлөвлөсөн нийт шалгалтын 62,8 хувийг, нийт зөвлөн туслах үйлчилгээний 47,5 хувийг эзэлж байна. Энэ нь төлөвлөсөн ажил зохих хэмжээнд явж байгаа гэсэн үг юм.

Төлөвлөгөөт шалгалтад эхний хагас жилд 8826 обьект хамрагдсаны 98,9%-д нь  хяналтын хуудас ашигласан байна. Мөн төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээнд 2924 обьект хамруулсны 97,1-д нь хяналтын хуудас ашиглажээ. Энэ нь 2014 он болон өмнөх онуудтай харьцуулахад Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд хяналтын хуудас ашиглах чиглэлээр томоохон ахиц гарсныг харуулж байна. 

Эхний хагас жилд төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан 8732 обьектын 1701 буюу 19,4% нь эрсдэл их, төлөвлөгөөт бус шалгалтад хамрагдсан 2157 обьектын 513 буюу 23,7%, төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 2842 обьектын 419 буюу 14,7%, төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 256 обьектын 27 буюу 10,5% нь “Эрсдэл их” үнэлэгдсэн байна. Тодруулбал байгаль орчны хяналтаар 36,6% нь эрсдэл их, геологи, уул уурхайн хяналтаар 29,8%, бусад хяналтын чиглэлээр 8,7-22,5 % нь “эрсдэл их”-тэй үнэлэгдлээ.

Эрсдэл өндөртэй обьектуудад хяналт шалгалтаа чиглүүлэх бодлого баримталж ажилласнаар  өнгөрсөн онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо багасч бага, дунд эрсдэлтэй рүү шилжсэн нь хяналт шалгалтын үр дүн юм. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж байгаль орчны болон хөдөлмөрийн, бусад аюулгүй ажиллагааны олон хууль журам, стандартын хэрэгжилт хангагдаж байна.