m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 07:23
45
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга А.Бакей энэ асуудлын талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолын төслийг боловсруулсан. Хууль санаачлагчдаас тогтоолын төсөлд тусгуулахаар нийтдээ 146 хууль тогтоомжийн төслийг санал болгосон байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа намрын чуулганаар хэлэлцэж батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад багтаах зарчим баримталсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр 23 хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд нэр зааж тусгасан. Тогтоолын төсөлд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоохдоо холбогдох байнгын хороодын саналыг үндэслэн тухай бүр нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнээ дурдав.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 4, Төрийн байгуулалтын байнгын хороо 4, Төсвийн байнгын хороо 6, Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн Улсын ИХ Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Батцэрэг нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Су.Батболд нар саналаа хэлсэн юм. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж оруулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэмж оруулах санал гаргасан боловч өргөн баригдаагүй байгаа хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд тусгах зарчим баримтлаагүй гэсэн байнгын хорооны даргын тайлбарын дагуу саналаа татаж авсан юм.

Ингээд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хураалдаанаар хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.