m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 07:56
24
Угсраа автобусыг наймдугаар сарын 15-наас үйлчилгээнд явуулна

Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан. Тендерт хоёр улсын /БНХАУ-ын хоёр, БНБелУ-ын нэг компани/ гурван компани саналаа ирүүлснээс БНБелУ-ын “МАЗ” НХК  шалгарсан байна. Харин энэ оны эхээр тендерт шалгарсан “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын  20 ширхэг угсраа автобус худалдан авах гэрээг байгуулан, өнгөрсөн сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Угсраа автобус нь 18.7м урттай, 2.55м өргөнтэй, нам шалтай, 38 суудалтай, нийт 160 зорчигчийн багтаамжтай, экологийн Евро-3 стандартын шаардлага хангасан, мерседес бенз хөдөлгүүртэй юм. Эдгээр автобуснууд Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хүйтний улиралд цантахгүй шил цонхтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглолтой.

Тус тээврийн хэрэгслийг энэ сарын 09-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх байсан ч Энхтайваны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын явцтай холбоотойгоор наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлууллаа.