m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 08:58
65
УБ-Дарханы замд шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг УБ-Дархан чиглэлийн зам засварын ажлыг шалгаж дүгнэлтээ гаргалаа. Энэ оны гуравдугаар сард хийсэн шалгалтын хүрээнд улсын байцаагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу хийж байгаа засварын явц 96 хувьтай байна. Гэхдээ зарим үүрэг биелэгдээгүй байгааг ойрын хугацаанд биелүүлж замыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх шаардлагатай гэж үзлээ.

Замын шинэчлэлт хийгдээгүй үлдсэн хэсэгт нөхөөс хийж байгаа ч замын одоогийн ашиглалтыг бүрэн сайжруулж чадахгүй, аргацаасан байдалтай байгаа нь тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж чадахгүй гэсэн үг юм.

“Баянчандмань АЗЗА” компани өнгөрсөн оны наймдугаар сард хоёр хоног судалгаа хийхэд Дархан чиглэлийн замаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчсон байна. Хөдөлгөөний урсгал ихсэхийн хэрээр замын эвдрэл, хагарал нэмэгдэх хандлагатай тул замын насжилт, эвдрэлийн байдлыг нь харгалзан их засвар, шинэчлэл хийх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай гэж дүгнэлтэд дурджээ.

Мөн замын тэмдэг, хэвтээ тэмдэглэл нь стандартад нийцэж байгаа эсэхэд Замын цагдаагийн газартай хамтран судалгаа хийж, стандартын дагуу тэмдэг, тэмдэглэл хийх, байршуулах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.