m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 01:14
64
Сайдын суудалд санал оруулж эхэллээ

Шийдлийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Тухайн үед улс төрийн томоохон хүчин болох АН, МАН-ынхан Засгийн газарт хамтарч сайдын суудлаа эв түнжинтэйгээр хуваарилсан. Гэсэн ч хагас жилийн нүүр үзэж байгаа Засгийн газар дахин шинэчлэгдэж магадгүй болоод байна.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Засгийн газарт хамтарсан МАН болон бусад нам эвсэлтэй хийсэн гэрээний биелэлтийг дүгнэн хэлэлцэхийг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгосон. Улмаар тус бүлгийн хурал таван цаг гаруй үргэлжилж Засгийн газарт хамтрахаар МАН-тай байгуулсан гэрээнд тусгасан ажлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, шийдвэрээ гаргасан билээ. Тодруулбал АН-ын бүлэг МАН-тай байгуулсан хамтарсан гэрээнд “хангалтгүй” гэсэн дүн тавьсан бөгөөд гэрээний гол зорилго биелээгүй хэмээн үзжээ. Учир нь томоохон хуулийн төслүүд болох Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Гацуурт, Тавантолгой, Оюутолгойн асуудал шийдэхэд  МАН-ынхан саад хийн, завсарлага авч, унагаж, гацаасан хэмээн дүгнэлтээ гаргасан хэмээн Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн юм.  

Улмаар өнгөрсөн мягмар гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд “Хамтарсан Засгийн газраас өргөн барьсан эдийн засаг, нийгэм,хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэхийн төлөө танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан  ч  тодорхой үр дүн гарсангүй гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна. Энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж байгаа учир зайлшгүй шаардлагатай хуулийн төслүүдийг УИХ цаг алдалгүй хэлэлцэх нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ. Иймд гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахад саад учруулахгүй хамтран ажиллахыг УИХ-ын МАН-ын бүлэгт мэдэгдэж байна” гэжээ.

Үйл явдал ийн өрнөх зуур АН Засгийн газрын бүрэлдэхүүнээс МАН-ын зургаан сайдыг хөөхөөр шийдэж,тэр ч бүү хэл дараагийн сайд нарын нэрс тодорсон талаар саарал ордноор сэм бус ил тод ярилцаж эхэллээ. Хэн гэгч эрхэмд ямар яамыг өгөх вэ гэдэг нь тодорхой болсон дуулдана.

Н.Энхбаярыг Шадар сайдын суудалд санаархаж байгаа гэсэн мэдээлэл чих дэлслээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас томилогдсон зургаан сайд болон МАХН-аас сонгогдсон нэг, хоёр сайдыг өөрчлөх талаар яригджээ. Шийдлийн Засгийн газарт МАН-д Шадар сайд, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамны сайд нар ажилладаг. Тэгвэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын суудлыг ИЗНН-д өгнө хэмээн тохиролцсон гэх. Түүнчлэн Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд Д.Арвин гишүүнийг томилно гэсэн яриа байгаа бол Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Г.Баярсайхан, Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тавихаар тохиролцоонд хүрчээ.  Түүнчлэн МАХН-ын “том ах” гэгдэх намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдын суудалд санаархаж байгаа гэсэн мэдээлэл чих дэлслээ. Түүнийг Засгийн газрыг алсаас бужигнуулж байгаа гэх. Энэ мэт асуудлаар намын нөхөдтэйгөө Н.Энхбаяр ойр ойрхон уулзаж байгаа сурагтай.  

Санаж сэдэж, хийхийг эрхэм болголгүй суудал зүүдэлж хонодог түшээдтэй төрийн хор найруулах ажил хэзээ ч дуусахгүй бололтой.

Ямартай ч МАН болон МАХН-аас сонгогдсон сайд нарын халаа сэлгээ дээр дурдсанаар эхэлбэл дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын сандал суудал солигдох нь гарцаагүй.  Суудал ганхаж, сайдууд ойр ойрхон солигдох нь горилогчдод л ашигтай болохоос олон нийтэд хамгийн их хохиролтой. Санаж сэдэж, хийхийг эрхэм болголгүй суудал зүүдэлж хонодог түшээдтэй төрийн хор найруулах ажил хэзээ ч дуусахгүй бололтой.