m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 04:33
52
С.Бямбацогт: 13 тэрбум төгрөгөөр торгохыг 800 сая болгож бууруулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Учир нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгчдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татахаар заасан болон торгуулын хэмжээ хэт өндөр байгааг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн билээ.

Тэгвэл МАН-ын бүлгийн авсан ажлын тав хоногийн хугацаа өнөөдөр дуусч, ажлын хэсэг дээр ярилцаж хариуцлага хүлээлгэх зүйл, заалт болон торгуулийн хэмжээг бууруулъя гэсэн МАН-ын бүлгийн санал дэмжигджээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ "Аж ахуй нэгжийг 13 тэрбумаар торгох хэмжээг 800 сая төгрөг байлгая. Мөн 48 зүйл, заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэхийг 23 болгож цөөрүүлье гэж ажлын хэсэг дээр ярьсан. Тиймээс хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед энэ зүйл, заалтыг өөрчилж оруулъя гэдэг байдлаар протоколд тусгуулах нь зүйтэй" гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг завсарлага авахгүй байхыг хүслээ. Тэрбээр ”наадмаас өмнө уг хуулийн төслийг батлах шаардлагатай”гэв.