m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 06:25
184
Иргэний биед халдсан цагдаагийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Зургаадугаар сарын 30-ны өдөр цагдаагийн албан хаагч иргэний биед халдсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан . Тэгвэл өнөөдөр энэ хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү хэлэхдээ "Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасанд ЦЕГ-аас тухайн иргэн болон ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газар уг асуудал дээр албаны шалгалт хийж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар тухайн албан хаагчид хариуцлага тооцно. Харин иргэний эрх чөлөөнд халдсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн албан хаагчид авсан арга хэмжээг бид эргэн мэдээллэх болно" гэв. 

Хан-Уул дүүргийн харьяат иргэн У гэгч нь 2014 онд тус дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийг тухайн цагдаагийн албан хаагч шалгажээ. Харин зургаадугаар сарын 30-ны өдөр тааралдаад үл ойлголцон маргалджээ. 

Олон нийтийн мэдээллийн сүлжээ болон зарим сайтуудаар тухайн цагдаагийн албан хаагчийг мөрдөн байцаагч гэсэн нь ташаа мэдээлэл аж. Тэрээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад цолтой нэгэн гэнэ. Тухайн иргэний гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.