m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 07:09
134
Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээснээр төгрөгийн өгөөжийг хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээр мөнгөний бодлогын хүү өөрчлөгдөхгүй. Тухайлбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн сарын 9, 30 болон энэ сарын 2-ны өдрүүдэд тус тус хуралдаж ийн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэн дэмжих эерэг нөлөөтэй аж.

Мөн хэрэв энэ оны хоёрдугаар хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын төсөвт эерэг өөрчлөлт гарвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж мөнгөний бодлогын зөвлөлөөс үзэж байгаа аж. Түүнчлэн Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци энэ оны тавдугаар сарын эцэст 8.0 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувь болж бууран, суурь инфляци алгуур буурсаар 10.2 хувьд хүрээд байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляци ирэх саруудад нэмэгдэхээргүй байгаа тул энэ оны инфляцийн зорилт хангагдахаар байна. Энэ оны эхнээс төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, оны эхний хагаст алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байна. Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1.0 хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх чиглэлд өөрчлөх боломжийг хязгаарлаж байна” гэж онцолжээ. Дашрамд сануулахад, Мөнгөний бодлогын зөвлөл он гарсаар нийт гурван удаа бодлогын шийдвэр гаргасан бөгөөд эхний удаад бодлогын хүүг 1.0 нэгж хувиар өсгөн 13.0 хувьд хүргэсэн бол удаах хуралдаануудаар бодлогын хүүг өөрчлөөгүй байна.