m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 07:25
58
Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дууссан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Завсарлага авсан хугацаандаа Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдтэй ярилцан нэлээд мэдээлэл авсан гээд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл хийсэн хүнд ял оногдуулахын хамт уг хуулийн этгээдэд давхар ял оноох нь зүйд нийцэх эсэх, түүнчлэн хуулийн этгээдэд оногдуулах мөнгөн шийтгэлийн хэмжээний асуудлаар хэлэлцэн ойлголцсон хэмээлээ. Тэрбээр дээрх асуудлаар санал хураалтын явцад тухай тухайн үед нь ярилцаад явья гэж тогтсон гэж мэдэгдсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулж эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралдаанаар нийт зарчмын зөрүүтэй 86 саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

Гишүүд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бус үйл ажиллагаа авуулсан хүнд оногдуулсан ялыг хуулийн этгээдэд давхардуулан оногдуулахгүй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн бөгөөд давхардуулж ял оноохгүй, ял халдаан хэрэглэхгүй гэж тогтсон юм. Зорчих эрхийг хязгаарлах гэдэг шийтгэлийн талаар гишүүд тодруулан асууж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, энэ нь гадаад руу зорчих эрхийг хязгаарлахтай хамааралгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүний тодорхой газраар явах, тодорхой байгууллага руу нэвтрэхийг хориглон, зорчих газрыг тодорхой заах тухай шийтгэл юм байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хохирогчийн ажил руу нэвтрэх, оршин суугаа газар руу нь ойртохыг хориглох ажээ. Санал хураалт үдээс хойшхи хуралдаанаар үргэлжилж байна.