m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.08 06:02
258
Дэлхийн ур чадварын тэмцээнд монгол охид оролцох нь

Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразил Улсын Сан Пауло хотод ирэх наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд Монголын баг өрлөгчин, хавтанцар наах, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, мужаан, үсчин, гоо сайханч, тогооч гэсэн есөн мэргэжлээр оролцох юм. Тэгвэл үсчин, гоо сайханчийн төрлөөр оролцох охидтой уулзаж тэмцээнд оролцох бэлтгэлийнх нь талаар ярилцлаа. 

Б.Ундармаа: Үйлдвэр урлал политехникийн коллежийн оюутан

-Үсчний мэргэжлээр хэд дэх жилдээ сурч байна. Өмнө нь уралдаан тэмцээнд орж байсан уу?

-Би үсчний мэргэжлээр дөрвөн жил сурч байна. Энэ хугацаанд нэлээд олон уралдаан тэмцээнд орж байсан. Харин энэ удаа Бразил улсад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор үеийхнээсээ шалгарсан байгаа.

-Энэ тэмцээнд оролцох эрхийг хэрхэн олж авав?

-Сургууль дээр маань жил бүр ур чадварын тэмцээн болдог. Энэ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. 2014 онд хоёр үе шаттай явагдсан Монгол ур чадвар тэмцээнд тэргүүн байр эзэлж олон улсын тэмцээнд орох эрхээ авсан. Дэлхийн ур чадварын тэмцээнд би үсчний найман төрлөөр оролцоно. Бүх тайралт будалт ажилбараа талбай дээр хийнэ. 

-Тэмцээнд амжилттай оролцож чадна гэсэн итгэл хэр байна. Бэлтгэлээ хэрхэн базааж байна даа?

-Маш олон орны оюутнуудтай өрсөлдөх хэдий ч амжилттай оролцоно гэсэн итгэлтай байгаа. Тэгэхдээ анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаа учраас хэлний бэрхшээлээс эхлээд сандарч тэвдэх, мэдэхгүй зүйл гарах байх. Ямар ч байсан энэ тэмцээнээс маш их туршлага, ур чадварыг өөртөө хуримтлуулна гэж бодож байна. 

Бэлтгэлийн хувьд 60-70 хувьтай байгаа. Хэд хэдэн үсчний салон дээр туршлага, ур чадвартай үсчин ах эгч нараараа заалгаж бэлтгэлээ хийж байна. Тэгээд наадмын дараа Дархан хотод вакумжуулсан бэлтгэл хийхээр явна. 

-Үсчин хүн хамгийн түрүүнд ямар чадварыг эзэмших ёстой вэ?

-Хүний гоо сайхныг бүтээж өгч байгаа гэдэг утгаараа тухайн хүнээ хараад шууд л хүнийг уншдаг байх ёстой. Тэгж байж сая нөгөө хүнийхээ сэтгэл зүй, ажил мэргэжил, нүүрний төрх, нас зүсэнд нь тааруулж засч өгөх ёстой гэж ойлгодог. 

Б.Номингоо: Үйлдвэр урлал политехникийн коллежийн Гоо мастер технологийн ангийн оюутан

-Би энэхүү Дэлхийн ур чадварын тэмцээнд сургуулиасаа зохион байгуулдаг Уран чадварын тэмцээн болон Алтан хайч, Монгол ур чадвар тэмцээнүүдэд амжилттай оролцож түрүүлснээр орох эрхээ авсан.

-Тэмцээнд хэдэн төрлийн будалт хийж оролцох вэ. Бэлтгэл хэрхэн хангагдсан бэ?

-Олон улсын тэмцээнд гоо сайхны зургаан ажилбар хийнэ. Бэлтгэлээ өөрийнхөө боломжоор өдөр шөнө гэлтгүй л хийж байгаа. 

Анх удаа ийм том тэмцээнд орж байгаа болохоор хэлний бэрхшээлээс эхлээд мөн гадаад хүн будах болохоор жаахан хэцүү байх гэж бодож байгаа. Тэгэхдээ эндээс маш их зүйл сурч бүх хүчээ дайчлан оролцох болно. 

-Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.