m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.10 06:29
378
Б.Сарантуяа: Би аавынхаа нутгийн түмэн адууны баярт очиж наадна

 

“...Эртний түүхт буурал эх орон

Эзэн Чингисийн буурал эх гүрэн...”

Эзэн Чингис хааны талбайд “Бурхан эх орон” дуу хадаж, монгол наадмаа санагалзан буй хүмүүсийн зүрх сэтгэлийг хөглөх шиг. Нийслэлийн хойморт Монголын одод цугларч, төрийн их наадмынхаа хүндэтгэлийн тоглолтод бэлтгэж байлаа.

 МУГЖ Б.Сарантуяа “Бурхан эх орон” дуугаа наадмын хүндэтгэлийн тоглолтод дуулахаар бэлтгэл базааж байсан юм.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч баяр наадмын өмнө ярилцлага өгч буй танд талархал илэрхийлье?

-Баярлалаа. Төрт их баяр наадмын өмнө ярилцлага өгч буйдаа билэгшээж байна.

-Сонсохгүй байхын аргагүй сайхан дууг манай уран бүтээлчид дуулж байна. Таны хажууд нэг охин байсан. Танай охин Хулан биш биз дээ?

-Манай охин шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Балхжавын ая “Бурхан эх орон” дууг хамт дуулах гэж байгаа.

-Таныг “17 нас” ток шоунд оролцож байхад бүжиглэж гэнэтийн бэлэг барьж байсан. Бас дуулдаг байх нь?

-Миний охин энэ жил Орчлон сургуулийнхаа сүлд дууг дуулсан. Сонсоод байхад дажгүй шүү. Гоё сонсогдож байна уу?

Төрийн хүндэтгэлийн тоглолт гэдэг үнэхээр сайхан. Эх орон, элгэн саднаа дээдлэх эрч хүчийг өгдөг юм.

-Талбай руу ирж явахад нэг охин дуулж байгаа нь сонсогдсон. Үнэхээр чадалтай хоолойтой хүүхэд байна шүү гэж бодож явлаа. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ. Наадмын найруулагч уу?

-Балхаа ах маань ийм санаа гаргасан. “Universe best songs” уралдааны шилдгүүд хамтарч дуулж байгаа.

-Энэ дууг та хөл хүнд байхдаа дуулсан шиг санагдаад байх юм. Хэвлийд байсан үр Хулан биш биз?

-Тийм ээ, тийм. Сайхан билэгшээлтэй юм гэж би бодож байгаа. Охин маань хэвлийд байхад би энэ дууг дуулсан. Эх орон, өвөг дээдсийнхээ тухай өгүүлсэн сайхан дуугаа охинтойгоо Төрийн хүндэтгэлийн тоглолтод дуулна гэж бодсонгүй, сайхан байна.

  

-Таныг төрийн хүндэтгэлийн тоглолтод олон удаа харсан. Таньд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Сайхан байлгүй яах вэ. Би найман жил Төрийн хүндэтгэлийн тоглолтод оролцсон. Харин сүүлийн дөрвөн жил оролцоогүй. Оролцуулаагүй л дээ. Рок попынхныг оролцуулахгүй гэдэг байсан. Харин найруулагч нь солигдоод өөр болжээ. Төрийн хүндэтгэлийн тоглолт гэдэг үнэхээр сайхан. Эх орон, элгэн саднаа дээдлэх эрч хүчийг өгдөг юм.

Хариуцсан ажлаа хийсэн шиг хийсэн хүн сэтгэл тэнүүн сайхан нааддаг байх гэж би боддог. Монгол хүн бүхэн чаддаг зүйлээ л сайн хийгээд, юу сурснаа эх орныхоо төлөө зориулаад байвал хөгжинө. Тэр жишгээр би ч бас чаддаг зүйлээ сайн хийж төр, түмнээ баясгахсан гэж хичээдэг.

 

-Жил бүрийн наадмын хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд болдог. Энэ жил Чингис хааны талбайд болох нь?

-Харин тийм байна. Олон шинэ зүйл сэдэж, наадмаа сайхан хийхийн төлөө хичээж байгаа нь анзаарагдсан. Гадаа, дотор ялгаа нь юу байх вэ. Хамгийн гол нь түмний наадам учир олон нийтэд үзүүлж сонирхуулахыг илүүд үзсэн байх. Манайд нийслэлчүүдээ багтаах хэмжээний тайз байхгүй. Ийм шийдвэр гаргаснаар олон хүн тоглолтоо үзэх боломжтой болох байх.

-Баяр наадмын өмнө заавал нэг баярт үйл явдал монголчуудад дохиогоод байх шиг санагддаг юм. Саяхан МУГЖ Ариунбаатар  П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при хүртлээ. Урлагийн хүний хувьд энэ мэдээг та сэтгэл догдлон хүлээж авсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Олон сайхан, чадварлаг дуучин олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа. Би 1991 онд Шанхайн олон улсын наадмаас мөнгөн медаль, 1993 онд Казакстан улсбн Алма-Ата хотод болсон Азийн дуу хоойлой олон улсын наадмаас Гран при шагналыг авчирч байлаа. Манай залуучууд дэлхийн хэмжээний уралдаанд хүчээ сорьж, ямар дуучнаа харуулах хэрэгтэй гэж боддог. Боловсрол соёл шинжлэх  ухааны яамны зүгээс дуучдаа олон улсын  том уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх. Хэдийгээр манай улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Монголыг дэлхийд таниулдаг салбаруудаа дэмжих ёстой.

Түүнээс хойш наадам, цагаан сар гэх мэт үндэсний хэмжээний баяраар гадагшаа явах нь зохимжгүй юм байна гэж бодогдсон.

-Наадам хаяанд ирлээ. Хамгийн сайхан наадмын дурсамжаа хуваалцахгүй юу?

-Монгол наадам бүхэн сайхан. Сэтгэл дундуур үлддэг наадам гэж байдаг билүү. Урлагийнханд том баярын үеэр гадаадаас урилга ирэх нь бий. Одоогоос есөн жилийн өмнө байх аа. Наадмаар гадагшаа явах урилга ирсэн. Ах дүүс маань сайхан баярлах гээд бэлтгэсэн байхад би явах нь маш гунигтай байж билээ. Түүнээс хойш наадам, цагаан сар гэх мэт үндэсний хэмжээний баяраар гадагшаа явах нь зохимжгүй юм байна гэж бодогдсон. Их гунигтай санагдаж билээ.

-Монголчууд маань нэг үеэ бодвол монгол дээлээ өмсдөг болсон. Ялангуяа наадам, цагаан сараар. Та энэ жилийн наадмын гоёлоо сонгосон уу?

- Мэдээж монгол дээлээ өмсөнө. Тэр өдрийн байдлаас юу өмсөхөө шийднэ. Яг энэ хувцсаа өмсөнө гэж сонгоогүй л байгаа.

-Монголчууд наадмаар ах дүүсээрээ уулзалдан өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Та энэ жил хэрхэн баярлах гэж байна?

-Төрийн хүндэтгэлийн тоглолтондоо оролцоод, орой нь Улаанбаатарын үдэш арга хэмжээнд “Хөх тэнгэр” хамтлагийнхантай дуулна.

Төв аймгийн наадмын урилга ирсэн. Манай ах, дүүс аавын нутаг Төв аймгийн Баян сумынхаа Түмэн адууны баярт очно. Нэгэн түүх сөхөхөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Егүзэр  хутагтын наадамд очиход надад  адуу өгсөн юм. Тэр адуунаасаа  аавынхаа нутаг Төв аймагт нутагшуулсан. Тэр адуу маань өссөн байна лээ. Баян сумынхан маань Түмэн адуутай болоход нь миний хэдэн адуу нэмэр болсон байх гэж билэгшээсэн. Ийм л төлөвлөгөөтэй байна даа. 

-Наадмаар уралдах юм биш биз?

-Миний нэрээр уралдах нь юу л бол. Харин хүүгийн минь нэрээр уралдвал сайхан л байх болов уу. Гэхдээ морь уяна гэдэг чинь ухаан, цаг зав шаарддаг нарийн эрдэм шүү дээ.

-Наадмын нээлтээ үзнэ биз дээ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё. Гэрэлчулуун наадмын нээлтийн урилга өгсөн учир үзнэ.

-Саяхан дэлхийн хэмжээний одод наадмаар ирэх нь гэх яриа гарч бөөн асуудал үүссэн. Та ямар байр суурьтай байсан бэ?

-Яагаад заавал наадмаар гэж. Бусад үед дэлхийн хэмжээний оддыг авчрахад монголчууд дуртай л байна. Миний сонсох дуртай дэлхийн од ирэхэд би ч гэсэн үзнэ шүү дээ.

-Төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл гээд та завгүй байлаа. Гэсэн ч   цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай?

Миний сонсох дуртай дэлхийн од ирэхэд би ч гэсэн үзнэ шүү дээ.

-Баярлалаа. Танай сайтаар дамжуулж тэнгэр заяатай монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе. Уясан морь нь хурдан, тавьсан сум нь мэргэн, бөхчүүд маань хүч тэнхээтэй байж сайхан наадаарай.