m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 00:33
108
Байгаль нуурыг зорих жуулчдын тоо нэмэгджээ

ОХУ,Монгол улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор багагүй хугацаа өнгөрч байна. Энэ ч үүднээс манай улсын иргэд ОХУ-ыг ихээр зорих болсон. Тэр дундаа Итгэлт хамбад мөргөж, Байгаль нуураар аялах иргэдийн тоо нэмэгдсэн юм. Тэгвэл Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн хамт олон өнгөрсөн долоо хоногт Улаан-Үдэ хотод аяллаа. Тус хамт олон ОХУ-ын Улаан-Үдэ хотоор аялж Итгэлт хамбад мөргөн, Байгаль нуурын эрэг дээр хамт олны халуун дулаан уур амьсгал дунд ажлын алжаалаа тайлж цагийг зугаатай өнгөрүүлсэн юм.  Юуны түрүүнд тэд Итгэлд хамбад мөргөн буян заяагаа даатгаж, ажил амьдралаа сүслэн залбирсан бөгөөд “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан Байгаль нуурын эрэг дээр амарч зугааллаа. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн нийт ажилчид энэ удаагийн аялалд хамрагдсанаараа онцлогтой. Аяллыг “Монгол аялал” компани зохион байгуулсан билээ.

 

Орон орны жуулчдын анхаарлыг татдаг Байгаль нуур нь Оросын өмнө Сибирт Иркутск хотын ойролцоо оршдог. Сибирийн цэнхэр нүд болсон Байгаль нуур нь цэнгэг усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй хэмээн үздэг. Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт,79 км өргөн ба дэлхий дээрх гадаргын цэвэр усны 20 хувь нь Байгаль нуурт байдаг юм. Түүнчлэн Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвөөр зарлажээ.

 

Тэгвэл амьд бурхан гэгдэх Итгэлт хамбад мөргөвөл буян ном арвижиж,ажил үйлс бүтэж хийморь сүлд сэргэдэг бөгөөд энэ ч үүднээс Итгэлт хамбыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Газрын хөрсөнд 75 жил оршсон хамба лам нь 1927 оны 6-р сарын 15-нд бясалгал үйлдэн лянхуа суудлаар завилан сууж өөрийн хойтохыг уншсаар нирваан дүрийг олжээ.