m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 01:02
213
Үерийн аюулаас 32 иргэнийг авран хамгааллаа

Өнгөрөгч амралтын өдөр Улаанбаатар хотод усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт үер, усны 13 дуудлага ирсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн 7 , 22 дугаар хорооны гудамж талбай, айлын гэр, байшин, амины аж ахуйн байр усанд автсан  найман дуудлага ирсний дагуу  нийслэлийн Аврах ангийн болон дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 32 иргэнийг үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалжээ. Шаварт суусан байсан таван автомашиныг татаж гарган 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалсан байна. Усанд суусан автомашин, усанд автсан айлын гэр, хашаанд усанд боогдсон иргэдээс бага насны хүүхэд тав, жирэмсэн эмэгтэй нэг байжээ. Амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүн гараагүй   байна.

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны  айлуудын гэр, хашаа, гахайн байр усанд автсан дөрвөн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж усанд автсан гэрийг нүүлгэн шилжүүлж, хашаа, гахайн байранд тогтсон усыг мотопомпоор соруулан иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.

Мөн энэ сарын 19-ний өдрийн  14:05 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн “Мандал” амралтын газрын ойролцоох Туул голын усны түвшин нэмэгдэж амралтын гэр усанд автсан гэсэн дуудлагын дагуу “Мандал” амралтын газрын гэр болон иргэн С-ийн гурван ширхэг гэр үерийн усанд автсан байсныг  аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажиллалаа.