m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 05:23
35
Гадаад хэргийн сайд Сан Франциско хотод ажиллав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сан Францискогийн Азийн урлагийн музейн захирал Жэй Сю-тэй уулзлаа. Гадаад хэргийн сайд  Азийн улс орнуудын түүх, соёл, урлагийн талаарх АНУ-даа хамгийн арвин үзмэртэй тус музейд дахин зочилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, музейн сан хөмрөгт байгаа манай улстай холбоотой үзмэрүүдийг нэг дор байрлуулахыг хүсэлт болгов. Үндэсний түүх, соёл, урлагаа сурталчлах замаар  имиж бүрдүүлэх, улмаар  зөөлөн хүчний бодлогын талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар Гадаад хэргийн сайд товч танилцуулж, монголын түүх, соёл, урлагийн бие даасан үзэсгэлэнг хамтран гаргах бололцоо байгааг онцлов. Музейн захирал дээрх хүсэлтүүдийг судлан үзэж, дээр дурдсан асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

1966 онд байгуулагдсан тус музейн үзмэрийн сан хөмрөгт Азийн улс орнуудын 6000 жилийн түүхийг хамрах хугацааны 18000 гаруй соёл, урлагийн эд зүйлс байдаг бөгөөд 1995 онд АНУ-д анх удаа монголын түүх, соёл, урлагийн бүтээлүүдээр “Монгол: Чингис хааны өв” нэртэй бие даасан томоохон үзэсгэлэн гаргаж байсан юм.

Мөн Гадаад хэргийн сайд Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчуудын холбооны удирдлагатай уулзаж, гадаад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачилгын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих талаар хэрэгжүүлж байгаа бодлогынхоо талаар товч танилцуулж, санал бодлоо солилцов. Дээрх уулзалтад Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчуудын холбооны төлөөллөөс гадна Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын ажилтнууд оролцов.