m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 05:39
114
Ю.Үнэнбүрэн: Даншиг наадамд эрлийз, монгол адууг ялгаж уралдуулна

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн, "Арвагар хээр" МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнтэй уулзаж баяр наадмын талаар тодрууллаа.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам Өвөрхангай аймгийн төв Арвайхаар сум, эсвэл Хархорин суманд болно гэж багагүй хугацаанд яригдсан. Ямар шалтгааны улмаас Хархорин суманд зохион байгуулах болов?

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойг манай аймаг дангаараа зохион байгуулаагүй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийн Засаг дарга нар оролцон зохион байгуулж байна. Хархорин бол Орхон голын хөндийд орших, түүх дурсгалт газар. Энэ газраас салбарласан аялал жуулчлалын олон бүс, газар байгаа. Энэ наадмын үеэр олон хүн цуглана. Тийм учраас иргэдийн байрлуулах асуудал чухал. Тус бүс нутагт 2000 орчим хүн байрлах боломжтой гэдгийг харгалзан үзсэн. Монгол Улсын Засгийн газраас Хархоринд наадмыг зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харганатын хөндийд "Их хурд", бүсийн олон уралдаан болж байсан сайхан нутаг. 

Харганатын хөндийд "Их хурд", бүсийн олон уралдаан болж байсан сайхан нутаг. 

-Наадмын бэлтгэл бэлэн болсон уу.  Энэ жил Хархорин сумын хувьд зуншлага хэр байгаа вэ?

-Энэ жил зуншлага сайтай байгаа. Өнгөрөгч долоо хоногт үргэлжилсэн хэд хоногийн бороо орсон учраас улам сайхан болсон. Уяачид олноор төвлөрөн бууж байна. Морьдыг усаар хангах, байрлуулах гэсэн бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар наадмын бэлтгэл ажилтай холбоотой гомдол, санал гараагүй байна. Энэ бол жижиг бүсийн наадам биш улсын хэмжээнд зохион байгуулж байгаа өргөн цар хүрээний Даншиг наадам.

-Зөвхөн наадаад зогсохгүй Өндөр гэгээн Занабазартай холбоотой ямар ажил хийсэн бэ?

-Одоогийн байдлаар "Төвхөн хийд"-ийг сэргээн засварлаж байна. Мөн "Амарбаясгалант", "Мөнгөн морьт"-ын хийд, өөрийн төрсөн нутаг Есөн-Зүйл суманд Гэрэлт цамхаг босгох, Монгол Улсын төв цэгийг сэргээн засварлаж байна. Аймгийн хувьд Өндөр гэгээн Занабазарын наадамд зориулж олон ажил зохион байгуулсан.

-Хээр талд, хөдөө болж байгаа учраас хог хаягдал, нийтийн бие засах газрыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Даншиг наадмын үеэр Хархорин сумаас цэвэрхэн наадахыг уриалсан. Баяр наадмын өдөр сумын тохижолт үйлчилгээний газрынхан шуурхай ажиллаж, хоггүй наадах боломжийг хангана.

-Энэ жилийн улсын баяр наадмын хурдан морьдын уралдаанд эрлийз адуу холилдож  уралдсан явдал наадамчин олон, уяачдын дүргүйцлийг багагүй төрүүлсэн шүү дээ. Даншиг наадмын хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Бид олон жил наадаж байна. Наадмаа зөв тэмдэглээд сурчих хэрэгтэй. Баяр наадмын торгон дэвжээн дээр хүнтэй муудалцахгүй гэж хичээдэг ард түмэн байсан. Гэтэл одоо наадам болгон маргаан, будлиантай боллоо. Энэ бол монгол хүний хувьд гутамшигтай зүйл. Баяр наадмын эхний өдөр эрлийз насны морьдыг уралдуулна. Эрлийз адуу хольж уралдуулдаг асуудал бол том дарга, уяачдын хийж байгаа ажил. Бид наадмаа хүндэтгэж сурах хэрэгтэй. Энэ удаа эрлийз, монголоор нь ялгаж уралдуулна. Энэ асуудал дээр бид хатуу байр суурьтай байгаа. 

Эрлийз адуу хольж уралдуулдаг асуудал бол том дарга, уяачдын хийж байгаа ажил. 

-Эрлийз, Монгол адууг ялгах асуудал дээр ямар ажлыг зохион байгуулах вэ?

-Улсын баяр наадмын үеэр Хөдөө аж ахуйн яамны хүмүүс ажилласан ч үр дүнд хүрсэнгүй. Монгол хүн адуугаа танихгүйдээ биш болов уу. Ямар ч уяач хүн монгол цусны адуу, эрлийз адууг хараад ялгаж чадна. Энэ удаагийн наадамд аймгуудаас ирсэн уяачдын төлөөллийг үүлдэр тогтоох комиссд оруулж, санал хүсэлтийг харгалзаж шударга наадам зохион байгуулна. 

Ямар ч уяач хүн монгол цусны адуу, эрлийз адууг хараад ялгаж чадна.

-Баяр наадмаар хүрэлцэн ирсэн зочдыг байрлуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Хархорин сумын дагуух жуулчны бааз, бүх газруудад наадамчин олноо хувааж байрлуулна. Хархорин сумын дагуух жуулчны баазууд дүүрч байгаа сурагтай. Нар хур тэгширсэн, наадамчин олон өргөнөөр оролцсон сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байгаа. 

-Хичнээн насны морьд уралдах вэ,  бай шагналын хувьд хэдэн төгрөгөнд багтаж байна?

-Зургаан насны морьд энэ удаагийн наадамд уралдана. Даншиг наадмын нийт төсөв 500 сая төгрөг болсон. Хурдан морьдын бай шагналын хувьд 149 сая төгрөгийг төсөвлөсөн. 

-Хурдан морьд ямар зайнд уралдах вэ?

-Даншиг наадмын хамгийн холын зайд их насны морьд 25 км замыг туулна. Азарга, соёолон насны морьд 22, хязаалан, эрлийз дээд насны морьд 18, шүдлэн, эрлийз дунд настайгаа 15, даага, эрлийз доод настайгаа 12 км-ийн зайнаас уралдана.