m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 08:21
72
Монгол Улсын нэрийг гаргасан залууст хүндэтгэл үзүүллээ

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон   Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатарт  "Эх нутгийн иргэд ТББ"-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэл зүй, тэвчээр хатуужилтай байж, урлаг спортын өндөр амжилт гаргасан залуусаар бахархаж байгаагаа  "Эх нутгийн иргэд ТББ"-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд онцолж,  гаргасан амжилтаа бататгахын зэрэгцээ ахиулж байхын ерөөлийг дэвшүүлсэн.  

Хүндэтгэлийн үеэр  МУГЖ Г.Ариунбатар: “Сүүлийн  жил орчим бэлтгэл хийсэн.  Тэмцээний үеэр сэтгэл зүйгээ бэлдэж тайван байхын тулд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багшийнхаа аязуудыг сонсож тайвширч байлаа. Мөн тэмцээнд явахаас өмнө  багш маань “Финалд шалгарсан өдрөө энүүгээр хоолонд ороорой” гээд  мөнгө өгөхөд  хошуугаа унжуулсан хэрнээ  асар их үүрэг хариуцлага оногдож байгааг  ухамсарлаж, чадлынхаа хэрээр хичээсэн.  Маш олон хүн дэмжиж байсан болохоор их урамшиж тэр хэмжээгээр хичээдэг  юм билээ.

Энэ зэрэгтэй явахад, намайг хэн ч биш байхад, хүмүүс дуурийн урлагийг ойлгодоггүй, тоодоггүй байсан үед дэмжиж, урам зориг өгч амжилтад хүргэсэнд,   надад өнөөдөр хүндэтгэл үзүүлж, байнга дэмждэгт  "Эх нутгийн иргэд ТББ"-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболдод талархаж байна” гэдгийг  илэрхийлсэн юм.  

Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, спортын мастер  Э.Бадамгарав нар төрсөн ах дүүс бөгөөд тэд Төв аймгийн Эрдэнэ сумын  харъяат.  Тэдний хувьд олон улсад  эх орныхоо нэрийг гаргаж байсан туршлагатай тамирчид.  Олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцоход  санхүүгээс эхлээд асуудал их байдаг ч  их спортын төлөө  зүтгэж байгаагаа тэд хэлж байсан. Тэднийг  ийнхүү амжилт гаргаж, өдий зэрэгтэй явахад гэр бүлийнхэн болон нутгийнхны дэмжлэг их байсан.  Түүнчлэн  УИХ-ын дэд дарга М.Энхболд нутаг орныхоо залуучуудыг тэмцээнд явахад нь дэмждэг,  эргээд ирэхэд нь бахархаж уулзаж хөөрдөгт  баярлаж  байна гэдгийг хэлж байлаа.