m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 07:29
51
Шадар сайд Фрэнсис Гарриг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын төрөлжсөн байгууллага Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Ерөнхий захирал Доктор Фрэнсис Гарриг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Швейцарийн Холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

В.Пүрэвдорж, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат болон бусад албаны хүмүүс байлцав.
Уулзалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улс “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээ”-нд нэгдэн орсон тухай батламжийг гардуулсан юм. 

Уулзалтын үеэр ДОӨБ-ын Ерөнхий захирал Ф.Гарри, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нар технологийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техникийн мэдээлэл олж авах, түүнийг ашиглах чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсад технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах тухай” гэрээнд гарын үсэг зурлаа.
Цаашид ДОӨБ-тай оюуны өмчийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, манай иргэдийн бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөхиүлэн дэмжих, оюуны өмчийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.