m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 05:29
152
Архивын техник хэрэгсэл хүлээн авлаа

Монгол Улсын Архивын ерөнхий газар болон БНХАУ-ын Төрийн архивын удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд АЕГ-т архивын шинэ техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2014 оны долдугаар сарын 23-ны өдөр боллоо.

БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас Монгол Улсын Архивын ерөнхий газарт цаас зүсэгч машин, гар аргаар ном дарагч машин, цаас зүсэгч гар машин, баримтын сканнер, хавтгай сканнер зэрэг архивын техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар олгосон юм.

Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Архивын ерөнхий газрын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дон /Элчин зөвлөх/,  Соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичгийн дарга Дэ Бө, Элчин сайдын зөвлөх Ван Чиан нар оролцлоо. Ёслолын ажиллагааг нээж АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн хэлсэн үгэндээ “Монгол Улс болон БНХАУ архивын салбарт хамтран ажиллаад 23 жил болж байна. Энэ хугацаанд олон ажлыг амжилттай зохион байгуулсан. Манай архивын байгууллага нь олон улс болоод хөрш 2 орны архивын байгууллагатай нарийн, нягт уялдаатай хамтран ажилласаар ирсэн бөгөөд Монгол Улс болон Хятад Улсын архивын удирдах байгууллагуудын хоорондын харилцаа эрчимжиж байгаа” хэмээв. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дон “Өнөөдрийн үйл ажиллагаа бол хоёр орны архивын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл. Эдгээр тоног төхөөрөмж нь 16 мянган юаны буюу 64 орчим сая төгрөгийн үнэтэй бөгөөд БНХАУ-ын архивын удирдах газраас үзүүлж байгаа сэтгэлийн бэлэг гэдгийг онцлон хэлмээр байна. Энэхүү тоног төхөөрөмж нь Монгол Улсын архивын үйл ажиллагаанд багахан ч гэсэн хэрэг болно хэмээн итгэж байна. Хоёр орны архивын салбар дахь цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Архивын ерөнхий газар нь 2014 оны долдугаар сард БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай хамтран ажиллах гэрээ байгуулахаар албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд энэ үеэр хоёр улс архивын салбарт хамтран ажиллах 2015-2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн тохирсон билээ. Мөн үеэр Монгол-Хятадын харилцааны тухай архивын баримт бичгийн эмхэтгэлийг хамтран бэлтгэж нийтлүүлэх, Монгол Улсын архивчдын төлөөллийг БНХАУ-ын архивын үйл ажиллагаатай танилцуулах, архивын техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад БНХАУ-ын талаас туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг харилцан тохиролцсон юм. Үүний дагуу архивын техник хэрэгслийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан Архивын ерөнхий газарт ийнхүү хүлээлгэн өглөө.