m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.24 05:49
70
“Дээлтэй Монгол” наадмын дэд байрыг Баянзүрхчүүд эзэллээ

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадамд Баянзүрхчүүд амжилттай оролцож, дэд байрын шагналын эзэд боллоо. “Дээлтэй Монгол” наадамд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт алба хаагчид, 28 хорооны иргэд болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 500 гаруй хүн оролцсон бөгөөд дээлтэй Баянзүрхчүүдээс уг наадамд оролцсон хамгийн балчир нь дөрвөн настай бол ахмад нь 80 настай иргэн байв. Энэ жилийн “Дээлтэй монгол” наадамд баянзүрхчүүд мандах төрийн малгай, дэвшжих төрийн дээл, бүтэх төрийн бэлэгдэл бүсийг илтгэн жагслаа. Мөн Монгол үндэсний соёл, зан заншил, агуу түүхийг харуулсан олон үндэстний дээл хувцсаараа гоёсон. Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадамд дүүргийн үе үеийн түүхийг илтгэн харуулсан туг далбааг сонирхуулсанаараа онцгойрч байв. Мөн түших төрийн бэлэгдэл гутал, монгол наадгай шаагай, монгол ахуйн эд зүйлсийг урлаж түмэн олноо хүндэтгэсэн юм. “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой байлаа.