m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.26 02:10
65
П.ЦАГААН: 1990 оны сонгууль нь Монголын төрт ёсны шинэ үзэгдэл

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг энэ долдугаар сарын 29-нд тэмдэглэх гэж байна. Уг ойн үеэр болох арга хэмжээ, ач холбогдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.

- Энэ долдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 1990 оны долдугаар сарын 29-ний өдрийн үнэ цэн, утга агуулга юунд орших вэ?

-Монголын нэн шинэ үеийн түүхэнд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал тодоос тод бичигдэх гүн гүнзгий утга агуулгатай юм. Цаг хугацаа өнгөрөх тусам үүний ач холбогдол улам тод томруун болж байна. 1990 оны 365 хоногийн өдөр бүхэн нэн сонирхолтой түүхт үйл явдлаар дүүрэн байсан. Тэдгээр үйл явдлын нэг оргил, чухал цэг нь 1990 оны долдугаар сарын 29-нд болсон чөлөөт, ардчилсан сонгууль юм.

Яагаад энэ ойд чухал ач холбогдол өгч байна вэ гэдэгт гүнзгий утга агуулга бий. 1990 оноос өмнө Монголд төр, засаг мэдээж байсан. Хууль ч байсан. Сонгууль явуулж байсан. Гэхдээ сонгуулийг яаж хийдэг байсан бэ гэвэл Ардын Их Хурлын сонгуулийн нэг тойрогт ганцхан хүнийг нэр дэвшүүлдэг. Түүний төлөө бүх сонгогчид заавал санал өгөх үүрэгтэй. Сонгуульд санал өгөөгүй хүнийг ажил албатай нь хариуцлага тооцдог улс төрийн жүжиг болдог байсан. Нэг үгээр хэлбэл сонголтгүй сонгууль хийдэг ийм гажууд тогтолцоо бусад социалист орнуудад ч байсан юм.

Монголд 1990 оны долдугаар сард явуулсан сонгуульд анх удаа олон нам оролцож, анх удаа нэг тойрогт олон хүн нэр дэвшсэнээрээ онцлогтой. Мөн анх удаа хувь хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлж, бие дааж оролцдог болсон. Сонгогчид олон нэр дэвшигч дундаас анх удаа өөрийн дэмжиж байгаа хүнийхээ төлөө саналаа өгснөөрөө өмнөх социализмын үеийн сонгуулиудаас тэс өөр, Монголын түүхэнд өмнө нь байгаагүй, дэлхийн ардчиллын жишигт нийцсэн сонгууль болсон.

Анхны ардчилсан, чөлөөт сонгууль нь туурга тусгаар Монголын ард иргэд анх удаа төр, засгаа бусдын заавар зөвлөгөөгөөр бус, өөрсдийн мэдрэмж, сонголтоор байгуулсан, төрд хэнийг сонгох, ямар төр, засаг байгуулахаа өөрөө мэдсэн, гүнзгий ач холбогдолтой үйл явдал болсон. Хүний эрхээр биш өөрийн эрхээр сонголтоо хийдэг хариуцлагатай түүхэн боломж олгосон онцгой чухал үйл явдал юм. Бас энэ сонгууль 1990 оны 7 дугаар сарын 22, 29-нд хоёр үе шаттай болсон гэдгээрээ ч онцлог. Энэ сонгуулийг Монголын төрт ёсны нэн шинэ түүхэнд гарсан чанарын цоо шинэ үзэгдэл, түүхэн үйл явдал гэж хэлж болно.

Сонгууль бол төр, засгийг төвхнүүлэх хамгийн хариуцлагатай ажил байдаг. Анхны энэ сонгуулиас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн, Улсын Их Хурлын 6 удаагийн сонгууль болсон. Энэ хугацаанд сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо сонгуулиас сонгуульд төгөлдөржиж, боловсронгуй болсоор ирлээ.

-Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн өвөрмөц онцлог юу байв?

-Монголын анхны чөлөөт ардчилсан сонгууль нь нэр дэвшүүлэхээсээ эхлээд шинэ содон, сонирхолтой түүхэн үйл явдлаар дүүрэн байсан. Өргөн олны идэвх оролцоог бүрэн дүүрэн хангаж оролцуулж байснаас гадна сонгогчдын идэвх ч өндөр байсан гэдгийг онцлох хэрэгтэй юм. Тухайн үед сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 98 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байдаг.

-Байгууллага, иргэд хуралдаад  сонгуульд нэр дэвшүүлдэг байсан гэдэг үнэн үү?

-Үнэн, үнэн. Одоо бол сонгуульд зөвхөн улс төрийн намуудаас юм уу, хувь хүн өөрөө нэрээ дэвшүүлэх эрхтэй шүү дээ. Харин 1990 онд тухайн тойргийн нутаг дэвсгэрт байгаа хамт олон, үйлдвэрийн газар, байгууллага, тэдгээрийн салбар нэгж болох бригад, хэсэг, тасаг, цех зэрэг хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн анхан шатны байгууллагын хурал, цэргийн албан хаагчдын хурал зэрэг нь дангаараа, эсвэл хамтран хуралдаж нэр дэвшүүлэх эрхтэй байсан. Эдгээр хурал дээр иргэд өөрийнхөө нэрийг сонгуульд дэвшүүлэх эрх олгосон. Одоогийнхоор бол бие даагчид гэсэн үг.

Түүнээс гадна сонгогчид нийлж хуралдаад л нэр дэвшүүлэх боломжтой байсан.

-Хэчнээн сонгогч хуралдаж нэр дэвшүүлэх эрхтэй байсан бэ. Тодорхой тоо байсан уу?

-Байсан. Нийслэл, дүүрэг, орон нутгийн хотод  бол 150-иас доошгүй сонгогч, сум, хороонд 50-иас доошгүй сонгогч хамтарч хуралдаад сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг хуульчилсан байсан.

Ингээд тэр олон байгууллага, хамт олны хурлаас 1990 оны сонгуульд нийт 2413 хүний нэр дэвшсэн байдаг.

-Та түрүүн сонгууль хоёр үе шаттай болсон гэлээ. 7 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд ямар үйл явдал болсон бэ?

-1990 оны 7 дугаар сарын 22-ны ням гаригт 3 ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн тойргуудад шалгаруулах санал хураалт болсон. Тэндээс тухайн тойрогтоо хамгийн олон санал авсан хоёр хүний нэрийг сонгуулийн саналын хуудсанд үлдээсэн.

Хоёр дахь шатны санал хураалт буюу жинхэнэ сонгуулийг 7 дугаар сарын 29-ний ням гаригт явуулж Ардын Их Хурлын 430 тойргийн 426-д нь сонгууль явагдаж, 4-т нь хойшилсон. Энэ сонгуультай нэгэн зэрэг улс төрийн намуудын талаар санал хурааж, сонгогчдын 60 хувь нь тухайн үеийн МАХН-ыг, 40 хувь нь ардчилсан хүчнүүдийг дэмжсэн байдаг. Депутатуудын 87 хувь нь анх удаа сонгогдсон шинэ хүмүүс байсан байна. Тэднээс 53 нь намын гишүүн бус байсан нь бас онцлог. Депутат гэдэг нь Ардын Их Хурлын гишүүн гэсэн үг л дээ.

-Анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсын төр, засгийг цоо шинээр эмхэлж, өнөөдрийн институтууд бий болсон шүү дээ?

-Тэгсэн. Шилжилтийн шинжтэй институтууд ч байгуулагдсан. 1990 оны долдугаар сарын сонгуулиар сонгогчид аль нэр дэвшигчийг дэмжих вэ гэдгээс гадна улс төрийн аль хүчнийг дэмжих вэ гэдгээр саналаа өгсөн гэж дээр хэлсэн. Сонгуулийн санал хураалтын дүн, харьцаан дээр тулгуурлаж анхны байнгын ажиллагаатай  парламент болох Улсын Бага Хурлыг байгуулсан. Түүнийг Ардын Их Хурлаас байгуулсан юм. Мөн Ерөнхийлөгчийн институт анх удаа бий болсон. Урьд нь Монгол Улс Ерөнхийлөгчгүй явж ирсэн. Тэгэхээр 1990 оны анхны ардчилсан сонгууль бол үнэхээрийн түүхэн үйл явдал юм.

-Тухайн үед сонгуулийг яагаад зургадугаар сард явуулах гэж байснаа долдугаар сард, наадмаас хойно хийсэн юм бэ?

-Анх 6 дугаар сард сонгууль явуулахаар байсан боловч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж сонгуулийн хугацааг хойшлуулсан. Анхны ардчилсан сонгуулийг явуулах хүртэлх зам шулуун дардан байгаагүй. Олон ээдрээ, зөрчил, халуун маргаан, мэтгэлцээн, яриа хэлэлцээ болж байсан. Эцэст нь зөвшилцөлд хүрч амжилттай явуулж чадсан. Ингэж улс төрийн шинэ хүчний удирдагчид, хуучнаа хадгалагчдыг хооронд нь хэл ам, эв зүйгээ олуулахад П.Очирбат, Д.Бямбасүрэн, Б.Чимид, Ж.Батмөнх, Г.Очирбат нарын олон ахмадуудын амьдралын ухаан, алсын хараа, тэвчээр чухал үүрэг гүйцэтгэсэн.

Бусад олон оронд асар өндөр үнээр хийгдсэн шилжилтийг монголчууд яриа хэлэлцээ, сонгуулийн замаар шийдэж чадсан. Үүгээрээ монголчууд төрт ёсны уламжлалтай, ардчиллын соёлтой, эрх чөлөөг эрхэмлэгч ард түмэн гэдгээ дэлхий нийтэд харуулж чадсан нь бидний бахархалтай түүх юм.

-Монголын ардчилсан сонгуулийн туршлага гадаад орнуудын анхаарал, сонирхлыг их татдаг. Зарим орон энэ туршлагаас судалж, сургамж авч байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн 25 жилд засгийн эрх мэдэл тайван замаар, чөлөөт сонгуулиар улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд хэд хэдэн удаа шилжсэн. Тайван замаар улс төр, эдийн засгийн хос шилжилт хийсэн орон бол энэ бүс нутагтаа Монголоос өөр байхгүй. Тиймээс Монголын тайван ардчилсан хувьсгалын туршлага, түүний ололт, сургамж нь гадаадын бусад орны анхаарлыг зүй ёсоор татдаг. Өндөр үнэлгээ авдаг. 25 жил гэдэг бол хүний амьдралд урт мэт боловч улсын түүхэнд богино хугацаа юм. Гэхдээ 25 жилийн ой бол алдаа оноо, амжилт, сургамж, бидний цаашдын хөгжил дэвшил, ирээдүй, төр, засгийн ажилд ч ач холбогдолтой, гадаад дотоодын хүмүүст ч сонирхож судлах, хуваалцах ийм түүхэн үйл явдлын товчоон юм. 1990 онд ардчилсан хувьсгалыг өрнүүлж амжилтад хүрэхэд МоАХ-ноос гадна Ардчилсан социалист болон Шинэ дэвшилт хөдөлгөөн, Монголын оюутны холбоо гэсэн улс төрийн хөдөлгөөн, хүчнүүд оройлон оролцсон. Ардчиллын төлөө энэхүү үйл явцыг эрх чөлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн мэдрэмжээрээ дэмжсэн. Олон удаагийн яриа, хэлэлцээ, жагсаал цуглаан болж байсан. Сүүлд нь Үндсэн хууль, бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, чөлөөт, ардчилсан сонгууль явуулахаар үндэсний зөвшилцөлд хүрсэн.

Үүгээрээ Монголын ардчилал бол зөвшилцлийн, ухаарлын, эв нэгдлийн хүч байсан юм.

-Энэ ойд зориулж Олон улсын хүндэтгэлийн хурал хийх гэж байна. Үүнд ямар хүмүүс оролцох вэ. Гаднаас нэртэй, төртэй ямар хүмүүс ирэх бол?

-Энэ долдугаар сарын 29-нд Монголд анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойг тохиолдуулан Олон улсын хүндэтгэлийн хурал, бусад арга хэмжээ  болно. Хүндэтгэлийн хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж байгаа. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гадаад, дотоодын олон хүндтэй зочид оролцоно. Урьдчилсан байдлаар гадаад улс орны болон олон улсын байгууллагын 50 гаруй хүндтэй зочид, төлөөлөгчид ирэхээ мэдэгдээд байна. Хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг ТВ-ээр орон даяар шууд дамжуулна.