m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.26 05:13
90
Багийн эмч, байгаль хамгаалагчдыг 100 хувь унаажууллаа

Аймгийн Засаг даргын "Шинэ Булган" мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу багийн эмч, байгаль хамгаалагчдыг унаажуулах асуудал шийдвэрлэгдлээ. Цогтхунтайжийн талбайд аймгийн удирдлагууд унааг нь багийн эмч, байгаль хамгаалагчиддаа гардуулж өгсөн. Аймгийн Засаг дарга "Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн 450 зорилтын нэг нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энхийн манаанд зогсож байгаа багийн эмч нар, ногоон хөгжил, ногоон эдийн засгийг бий болгохын төлөө цаг наргүй ажиллаж байдаг байгаль хамгаалагч нараа унаажуулах байсан билээ. 

Байгалийн нөөцийг хамгийн үр ашигтай ашиглаж, ирээдүй үедээ байгалийн нөөц баялаг, эко системийн үйлчилгээний үнэ цэнийг өвлүүлэн үлдээх боломжийг хангасан Ногоон хөгжлийн загвар аймаг бий болгоход байгаль хамгаалагчидийн үүрэг оролцоо хамгийн их учраас та бүхнийг ажиллах нөхцөл боломжоор хангахад шат дараатай анхаарсаар ирсэн, цаашид ч анхаарч ажиллах болно. 
Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахир хавсарганд өдөр шөнөгүй эрүүл энхийн манаанд довтолгож явдаг багийн эмч нар та бүхний нөр их хөдөлмөрийн ард эрдэнэт хүний алтан амь байгаа учир та бүхнийг хайрлахгүй, та бүхнээрээ бахархахгүй, ажиллах нөхцөл боломжид чинь анхаарахгүй байхын аргагүй юм аа. 

Хүн ард, байгаль экологийнхоо эрүүл аюулгүй байдлыг хангах үйлст хамтран ажиллаж үр дүнтэй үйл ажиллагаа зохион байгуулна гэдэгт итгэж та бүхэнд ажлын амжилт хүсье." хэмээн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.
Аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн зардлаас 125,4 сая төгрөгийн санхүүжилтээр "Протек" ХХК нээлттэй тендерт шалгарч уг унааг нийлүүлсэн байна. Унаа гардаж авах үеэр "Төрийн анхан шатны нэгж бол баг. Багийн иргэддээ хүрч ажиллах, байгаль орчиноо хамгаалах ажилд унаа хамгийн их хэрэгцээтэй зүйл" хэмээн унаа гардаж авсан эмч, байгаль хамгаалагчид онцлон хэлж байсан юм.