m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 01:14
124
Монголдоо шинэ эмчилгээг нутагшуулахаар ажиллаж байна

Гэмтэл согогийн нөхөн сэргээх “Мөнгөн гүүр” эмнэлэг нь Монголд хараахан нэвтрээгүй байгаа эмчилгээний арга, технологийг эх орондоо нутагшуулах, эмч нараа түүнд сургах, туршлагажуулах зорилгоор Герман, Солонгос зэрэг улсаас өндөр ур чадвар бүхий эмч нарыг урин ажиллуулж буй юм. Энэ удаад БНСУ-аас уригдан ирсэн тархи, нуруу нугасны эмч, анагаах ухааны доктор Му Жи Ён монголчуудад оношилгоо, эмчилгээ хийхийн зэрэгцээ тус эмнэлгийн эмч нарыг эмчилгээний шинэ арга технологид сургаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд монголчууд өмнө нь нуруу, нугасны зарим төрлийн хагалгааг эх орондоо хийлгэх, бүрэн эдгэрэх боломжтой болох юм. Энэ талаар Му Жи Ён эмчтэй ярилцлаа.

-“Мөнгөн гүүр” эмнэлгийн баг, хамт олон Монголд хараахан нэвтрээгүй байгаа эмчилгээний шинэ арга, технологид суралцах, нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Энэ удаад та чухам ямар арга, туршлагаасаа зааж сургаж байна вэ?

-Монголд эмчилгээний шинэ арга барил, шинэ технологийг нэвтрүүлэх, “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч нарт тэдгээрийг зааж сургах, тэр дундаа мэс заслын бус аргаар буюу хөнгөн мэс ажилбарын аргаар эмчлэх технологийг монгол эмч нарт заах эрмэлзэлтэй ирсэн юм. Тухайлбал, нурууны L дискний эмчилгээг нэгдүгээр шатанд сэтгүүрийн аргаар, хоёрдугаар шатанд плазм эмчилгээний аргаар бүрэн эдгээх боломжтой. Монгол эмч нар маань эдгээр мэс ажилбарт суралцахын зэрэгцээ өвчний хүнд үед хийгддэг мэс заслын арга барилаас тун амжилттай суралцаж байгаа. Мэс заслын аргаар гэдэгт мэдрэлийн судлыг дарж цүлхийсэн хэсгийг тайрах, бэхэлгээ хийх гээд олон арга багтдаг. Солонгост гурван сая гаруй воны өртгөөр хийгддэг хагалгааг эх орондоо хийлгэж, эдгэрэх боломж монголчуудад бүрдэж байгаад би баяртай байна. Энд нэг зүйлийг онцлоход монгол өвчтөнүүд ихэнх тохиолдолд мэс заслаар эмчлэхээс өөр сонголтгүй болтол өвчнөө хүндрүүлсэн байх юм. Эрт үед нь оношилбол хөнгөн хэлбэрийн мэс ажилбараар бүрэн эмчлэгдэх бололцоо бий шүү гэдгийг тэдэнд сануулмаар байна.

-Монгол эмч нар шинэ арга технологид хэр хурдан суралцаж байна вэ. Тэдний ур чадварын талаар та юу хэлмээр байна?

-Монгол эмч нар мэргэжлийн ойлголт сайтай, тун сийрэг тархитай, аливааг хурдан сурдаг юм байна. Мэргэжлийн ур чадвараар хаа ч гологдохооргүй, нэг төвшинд ойлголцож болохоор байгаа нь надад тун өндөр сэтгэгдэл төрүүллээ. Ийм баг хамт олонтой хамтраад эмчилгээний шинэ арга барил, технологийг Монголд нутагшуулах ажил маань амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна.  

-Та монголчуудад үзлэг, эмчилгээ хийгээд тодорхой хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд таны ажиглалтаар зонхилж буй нуруу нугасны өвчлөл, түүний шалтгаан юу байна вэ?

-Монголчуудын дунд нийтлэг нэг зүйл байна. Юу гэхээр өөрийнхөө биеийг тоохгүй хаячихдаг,  нуруу өвдлөө гэхэд эмчид үзүүлэхгүй явсаар анхан шат ч биш, дунд шат ч биш, эцсийн шатанд мэс заслын эмчилгээ хийхээс өөр аргагүй байдалд хүрсний дараа эмнэлэгт ирцгээж байгаа нь харамсалтай санагдлаа. Бүр хөдөлж чадахгүй болсон хойноо би яах вэ гээд ирж байна. Бага дээр нь анхаарал хандуулсан бол арга хэмжээ авч, бүрэн эдгэрэх боломжтой байсан.

-Энэ байдал юутай холбоотой гэж бодож байна вэ. Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг тааруугаас болж байна уу, эсвэл эмчилгээ, оношилгоо тааруугаас болж байна уу?

-Монголчууд тэсвэрлэх чадвар сайтай юм байна гэж бодогдсон шүү. Хоол хүнс, цаг уурын онцлогоос ч болдог юм уу өвчин тэсвэрлэх чадвараар солонгос хүмүүсээс илүү мэт санагдсан. Баргийн өвдөлтийг тоохгүй, шүд зууж явсаар байгаад бүр хөдөлж чадахгүй болсон цагт л эмчид хандах тохиолдол байна. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт,  үнэхээр тэсвэр хатуужил сайтай, хоёрт гэвэл эрүүл мэнддээ тун хайхрамжгүй ханддаг юм байна. Үүнээс үүдээд оройтсон хойноо эмнэлэгт ирж байна. Бас нэг онцлох зүйл гэвэл монгол хүмүүс маш их жингийн илүүдэлтэй юм. Таргалалтаас үүдэлтэй нурууны өвчлөл анхаарал татаж байна.

-Өвчин нэлээд хүндэрсний дараа эмчид хандаж байна гэж та ярилаа. Ийм байдалд хүрэхгүйн тулд юунд анхаарах, тухайлбал, ямар шинж тэмдгүүд ажиглагдвал нурууны өвчтэй болж байна гэж ойлгох вэ?

-Нуруугаар байнгын буюу тодорхой давтамжтайгаар өвдөөд байвал болохоо байж байна шүү гэж ойлгох хэрэгтэй. Эхлээд нуруугаар өвддөг байснаа өгзөг, хонго, гуя, өвдөг, эрээн булчин руу байнга чилж чинэрч эхэлбэл нэлээн даамжирлаа, нуруу нугасны эмчид очих  хэрэгтэй болж байна шүү гэсэн дохио юм. Эрүүл хүний нуруу жилд нэгээс хоёр удаа эвгүй оргих, зовиурлах мэдрэмж өгч болох л доо. Харин үүнээс илүү давтамжтайгаар өвдөх тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй. Түрүү долоо хоногт зүв зүгээр байсан, энэ долоо хоногт тэнгэр муухайрснаас болоод өвдчихлөө гэх зэргээр монгол хүмүүс ярьдаг. Энэ нь тэнгэр, цаг агаартай холбоотой гэхээс илүү яах аргагүй нуруу, нугасны эмгэг байгаагийн л шинж юм.

 -Нуруугаар өвдөх шинж тэмдэг бөөрний үрэвслийн үед бас илэрдэг шүү дээ. Мөн ядаргаанаас болоод мэдрэл үрэвсч, хөл, гар янгинах нь бий. Ер нь шинж тэмдгээр нь нурууны өвчнийг яаж ялгах вэ?

-Иргэд маань наад захын эрүүл мэндийн мэдлэгтэй байж, өөрийнхөө биеийг зөв ойлгох нь их чухал.  Гар өвдлөө л гэхэд энэ гар л ганцаараа өвдчихөөд байгаа юм биш, нуруу өвдлөө гэхэд л ганц нуруунд буруу байгаа юм биш. Бүгд тархи, мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой юм. Тийм болохоор иргэд өөрсдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролдоо анхаарах, цаг алдалгүй эмчээс зөвлөгөө авдаг байх нь л тун чухал.

“Мөнгөн гүүр” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Б.Буянтогтохтой ярилцлаа.

-Монголд өмнө нь хийгдэж байгаагүй нуруу, нугасны зарим төрлийн хагалгааг “Мөнгөн гүүр” эмнэлгийн баг, хамт олон эмчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Монголчуудын гадагшаа явж эмчлүүлдэг урсгал саарахад тодорхой хэмжээнд нөлөөлөх байх?

-Өнгөрсөн 2014 оны статистикаар 10.000 монгол хүнд ногдох эмнэлгийн орны тоо 67 гэж гарсан нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт юм. Гэтэл гурван сая хүн амтай улсад гэмтэл согогийн ганц эмнэлгийн 420 ор хаанаа ч хүрэлцдэггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр орчны эрсдэл өндөр, осол аваар, бэртэл гэмтэл их байгааг илтгэж байна. Иймд манай эмнэлэг гэмтлийн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үнэгүй үзүүлж байгаа төдийгүй өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжид түшиглэсэн эмчилгээний шинэ арга барил, технологийг Монголдоо нутагшуулж эхэлснээр улсын ганц эмнэлгийн ачааллыг бууруулаад зогсохгүй иргэдийн гадагшаа явдаг урсгалыг бага ч болов сааруулна гэдэгт итгэлтэй байна. Гэмтэл, согогийг маш богино хугацаанд эмчлэхгүй бол хүндрэл үүсдэг талтай. Гэтэл гадаадын улс орон руу явахад цаг алддаг. Үнэндээ манайд эмчлэх бүрэн бололцоотой ч менежмэнт, тоног төхөөрөмж, орчин нөхцөл л дутагдаж байсныг “Мөнгөн гүүр” эмнэлэг нөхөж ажиллах юм.

-Танай эмнэлэг зөвхөн гэмтлийн үеийн эмчилгээгээр үйл ажиллагаагаа хязгаарлахгүй дотор, зүрх судас гээд бүх чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв эмнэлгийн статустай юм байна. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?

-Бид гэмтлийн үеийн эмчилгээ, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээг түлхүү барьж байгаа ч зөвхөн нэг чиглэлээр хэт нарийссан үйлчилгээ үзүүлэх нь өрөөсгөл төдийгүй алсдаа өрсөлдөөнгүй болгодог. Тэгээд ч гэмтсэн хүн эмнэлэгт эмчлүүллээ гэхэд сэтгэл санаа, дотор эрхтэн, мэдрэлийн системд гарч байгаа өөрчлөлтийг эмчлэх эмчилгээ орхигдоод байдаг. Үүнээс болж архаг суурь өвчин сэдрэх, хүндрэх тохиолдол бий. Тийм учраас цогц үйлчилгээ хүргэх үүднээс Төв эмнэлгийн статустай ажиллаж байна.

-Төв эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүрэн хангагдсан, оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж дэлхийн жишигт нийцсэн гэж ойлгож болох нь ээ.?

-Манайд суурилагдсан бүх тоног төхөөрөмж дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн аппаратууд юм. Тухайлбал, 1,5 теслагийн MRI аппаратыг дэлхийн аль ч улсад хэрэглэж байна, 64 зүслэгт компьютер томографийн аппаратаар бүтэн биеийг 25 секундын дотор бүрэн харчих боломжтой. Босоо хэмжээтэй, хоёр талаас нь оношилдог ангиографийн аппарат байна, хэт авиа оношилгооны аппарат байна. Элэгний хатуурал болон өөхжилтийн зэргийг тодорхойлдог фиброскан зэрэг дэлхийн хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг бид суурилуулсан. Тэдгээрийн зарим нь улсын хэмжээнд ердөө ганц байгаа, эсвэл 2-3 байгаа аппаратууд.

Мөн манайх дурангийн мэс заслын хамгийн сүүлийн үеийн аппаратыг оруулж ирснээс гадна мэс заслын вакум өрөөнүүдтэй. Энд өөр бусад эмнэлгийн эмч ч түрээсээр хагалгаа хийх бололцоотой. Түүнчлэн Японы Sysmex фирмийн 2014 оны загвар лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж дээр өдөрт 100 хүнд богино хугацаанд бүрэн шинжилгээ хийх боломж бүрдсэн гэдгийг хэлмээр байна.