m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 06:33
41
“Амгалан дулааны станц”удахгүй ашиглалтад орно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 348 МВт-ын хүчин чадалтай “Амгалан дулааны станц” – ын барилга угсралтын ажлын явцтай  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор “Амгалан дулааны станц” барих тухай, “Амгалан дулааны станц”-ыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр гэрээ байгуулах шийдвэрүүд гарсан. Уг станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ – ын “CMEC” компани ажиллаж байгаа бөгөөд нийт 75.9 сая ам долларын төсөвт өртөгтэй юм.

Дашрамд дурдахад, станц нь 348 МВт буюу тус бүр 116 МВт-ын хүчин чадалтай гурван ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700 мм-н диаметртэй хойд, урд хэсгийн хоёр дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугамтай. Мөн 110 кВ-ын хоёр хэлхээт  350 метр цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдийн хамт суурилуулсан. Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16 дугаар хорооллын дулаан хангамж сайжрах юм.