m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 06:57
51
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай 4 тэрбум орчим төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тус банкны ТУЗ-д зөвшөөрлөө. Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 100 хувийг хангаж байгаа гол эх үүсвэрүүд болох дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт өндөр болжээ. Тухайлбал, “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн тоноглол болсон зуух, турбин, генератор 1961-1969 онд ашиглалтад ороод 50 орчим жил, Дулааны III цахилгаан станцын тоноглол 30-40 жил, VI цахилгаан станцынх 20-30 жил болжээ.

Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ихэнх хэсгийн ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөр болсон зэрэг нь цахилгаан хангамж хэсэгчлэн болон бүхлээрээ хязгаарлагдах, өвлийн улиралд Улаанбаатар хотын дулаан хангамж ноцтой доголдох эрсдэл үүсээд байгаа юм.

Иймд хүйтний улиралд дулааны шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлж усыг нь эргэлтэд оруулах зөөврийн дунд чадлын генераторууд, зарим онцгой хэрэглэгчдийг хангах зөөврийн том чадлын генератор, 10 болон 35 кВ-ын хуваарилах байгууламжуудыг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн аюулгүйн нөөц бүрдүүлэх гэж байна.

Товч мэдээ

·  “Аялал жуулчлалын үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрхэлж байсан зарим ажил үйлчилгээг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэхээр боллоо.

·  Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов

·  Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталлаа. Батлагдсан чиглэлд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300 тэрбум төгрөг  хүртлэх санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.   

- Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч сарын 28-30-нд манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.