m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 08:02
76
УИХ-ын дарга НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтманыг өнөөдөр /2015.07.28/ хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд түүнд талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай морилохыг хүслээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман УИХ-ын даргад цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь талархлаа илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний мэндчилгээг уламжилсан юм. Тэрбээр, НҮБ-ыг төлөөлж Монгол Улсын түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээнд оролцохоор ирж буйдаа баяртай байгаагаа мөн илэрхийлсэн. Ноён Жеффри Фелтман, Монгол Улс ардчилсан парламент, олон намын системийг цогцлоосон орон хэмээгээд энэ үйл хэрэгт Улсын Их Хурал их үүрэг гүйцэтгэсэн болохыг онцолсон юм. Түүнчлэн Ардчилал өөрөө зогсолтгүй үйл явц учраас НҮБ-ын зүгээс цаашид Монголын ард түмэнд их зорилгодоо хүрэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэлээ. Мөн олон улс, бүс нутагт аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын оролцоо, үүрэг нөлөө их байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн энэ оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн талаар эрхэм зочин дурдаад цөөн хүн амтай ч гэсэн НҮБ-ын Энхийг сахиулах, даян дэлхийд энх тайвныг  цогцлоох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, уулзалтын төгсгөлд Монголын ард түмэн тайван замаар ардчилалд хүрсэн бөгөөд энэхүү үйл хэргийг дэлхийн олон улс өндрөөр үнэлдэг болохыг онцлон тэмдэглэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.