m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.29 03:57
50
Өмнөх сонгуулиудаас тэс өөр сонгууль байлаа

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар зарлигаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь, аймаг, хот, сум, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын депутатуудын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны 7 дугаар сарын 29-ний Ням гаригт явуулсугай” гэжээ. Энэхүү зарлигт мөн “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтэд зааснаар Улсын Бага Хурлыг сонгох сонгуулийн эхний шат болгон, хууль ёсоор бүртгэгдсэн аль намыг дэмжиж байгааг тодорхойлох зорилгоор нийт сонгогчийн санал авах ажлыг БНМАУ-ын Ардын Хурлын депутатуудын сонгуулийн хуулийн дагуу энэ сонгуультай хамтатган явуулсугай” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр монголчууд бид АИХ-ын 430 депутатыг сонгох болон Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгуульдаа оролцсон байна.

Энэхүү сонгууль Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентыг сонгосны зэрэгцээ АИХ-ын депутатаа 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгч буюу пропорциональ тогтолцоогоор, парламентаа сонгохдоо холимог тогтолцоог бас анх удаа хэрэглэсэн түүхтэй.

Эдгээр сонгуулийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаар зарлигаар байгуулагдсан 25 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн нутаг дэвсгэрийн комисс зохион байгуулж явуулсан байна. Сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссын даргаар сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, орлогч даргаар Б.Хурметбек, нарийн бичгийн даргаар Б.Шарбанди, гишүүдэд Д.Бадгаа, Я.Балгансүрэн, С.Баярцогт, С.Ванчиндорж, Д.Ганболд, Ц.Ганчимэг, Б.Дариймаа, Д.Дорлигжав, С.Жамаадорж, Ц.Жамсран, Д.Занаа, Д.Маам, Б.Мижид, С.Мөнхбаатар, Х.Ныгамет, С.Очирпүрэв, Ц.Өөлд, Ж.Хорлоо, Х.Цэвлээ, Л.Цэндсүрэн, С.Чулуунбаатар, Г.Энхтүвшин нарын хүмүүс ажиллаж зохион байгуулжээ. Мөн өдөр АИХ-ын Тэргүүлэгчдийн 114 дүгээр зарлигаар АИХ-ын сонгуулийн 1 мандат бүхий 430 тойрог байгуулав.

Сонгуулийг зохион байгуулж явуулахын өмнө БНМАУ-ын АИХ-ын 1990 оны 3 дугаар сарын 21-нд болсон 11 дэх удаагийн сонгуулийн YIII чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон БНМАУ-ын АИХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн хуулийн төсөл” зэрэг асуудлыг хэлэлцэж баталжээ. Тус чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулиас МАХН-ын нийгмийг удирдан чиглүүлэх үүргийн тухай хэсгийг хасч, төрийн зарим албан хаагч улс төрийн намаас түдгэлзэх албан тушаалын жагсаалтыг хуулиар тогтоох, иргэд улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх эдлэх зэрэг зарчмын заалт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан байна. Үүний дараа 1990 оны 5 дугаар сарын 10-нд хуралдсан БНМАУ-ын АИХ-ын XI дэх удаагийн IX дэх чуулганаар “БНМАУ-ын төрийн эрх барих байгууллагын бүтцийг шинэчлэх тухай”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл”, “Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Ингээд Монгол Улс нь Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болж, иргэд Ардын Их Хурлаар уламжлан төрийн эрх барих болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал гэсэн институтыг бий болгож байнгын ажиллагаа бүхий Парламентын танхим болох Улсын Бага Хурлыг албан ёсны улсын бүртгэлтэй намуудыг дэмжиж өгсөн саналын хувийг харгалзан Ардын Их Хурлаас байгуулахаар хуульчилж өгчээ.

Эдгээр сонгуулийг сонгуулийн нутаг дэвсгэрийн комисс, тойрог, хэсгийн 9963 комисс зохион байгуулж явуулсан бөгөөд эдгээр сонгуулийн комиссын бүрэлдэхүүнд 43.4 мянган хүн ажилласан байна. Шинэ нөхцөлд шинэ хуулиар сонгуулийг зохион байгуулж явуулах явцад бэрхшээлтэй асуудлууд багагүй тулгарч байсны зэрэгцээ сонгуулийн комиссууд сонгуулийн ажлын төлөвлөгөө, хуваарь гарган ажиллажээ.

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намууд сонгуульд оролцохоор хуульд заасан тул 100 мянгаад гишүүнтэй МАХН 1990 оны 5 дугаар сарын 16-нд, үүний дараа 1800 гишүүнтэй МҮДН, мөн сарын 22-нд 809 гишүүнтэй МЧХН, 24-нд 7200 гишүүнтэй МоАН, 25-нд 2900 гишүүнтэй МСДН, 26-нд 806 гишүүнтэй МНН тус тус Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлж сонгуульд оролцсон байна. Намууд сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж, мөрийн хөтөлбөр гаргаж сонгогчдод тайлбарлан таниулах ажлыг хийжээ. Сонгуулийн явцад намуудын үйл ажиллагааг дэмжиж, тэгш сурталчилгаа хийх боломж олгох үүднээс сонгуулийн сурталчилгаанд зориулан бүх намуудад Засгийн газраас 1.7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь ардчилсан сонгууль, ардчилалд суралцахад төр, засгийн зүгээс олгосон томоохон дэмжлэг байсан нь эргэлзээгүй.

МоАХ, МоАН-ын хамтарсан чуулган 1990 оны 6 дугаар сарын 27-нд болж, сурталчилгаа тэгш бус болж байгаа тул сонгуулийн кампанит ажилд оролцохоос татгалзсаныг тэдгээрийн удирдлагатай АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат уулзаж ярилцан зөвшилцөж шийдвэрлэсэн нь сонгуулийг зохион байгуулж явуулахад ач холбогдолтой алхам болсныг нутаг дэвсгэрийн комиссын тайланд дурдсан байдаг. Харин МҮДН, МСДН сонгуульд оролцохоос татгалзахгүй гэдгээ илэрхийлж байжээ.

Сонгуульд нэр дэвшүүлэх ажил дуусахад БНМАУ-ын АИХ-ын депутатын 430 тойрогт анх 2413 хүнийг, аймаг, хотын хурлын 11307 тойрогт 17376 хүнийг тус тус нэр дэвшүүлж, шалгаруулах санал авснаар тойргуудад 1-2 нэр дэвшигч үлджээ. 7 дугаар сарын 22-нд АИХ-ын сонгуулийн 430 тойргийн нэр дэвшигчдийг шалгаруулах санал авчээ. Үүгээр нэр дэвшсэн 2413 хүнээс АИХ-ын депутатад 799 хүн шалгарч үлдсэн байна. Сонгуульд нэр дэвшсэн 799 хүний дотор МоАХ, МоАН-аас 68, МҮДН-аас 15, МСДН-аас 18, бусад нь МАХН-аас болон өөр байгууллагаас нэр дэвшигчид байв.

Сонгуулийн нутаг дэвсгэрийн комисс нэр дэвшигч нь шалгаруулалтаар олонхын санал авч чадаагүй АИХ-ын 33 тойрогт дахин сонгууль явуулахаар тогтжээ. АИХ-ын Тэргүүлэгчид дахин шалгаруулж санал авах ажлыг 8 дугаар сарын 15-ны дотор хийх, сонгогчдын санал авах ажлыг 8 дугаар сарын 26-ны Ням гаригт явуулах тухай зарлиг гаргасан байна.

Ингээд 1990 оны 7 дугаар сарын 29, 8 дугаар сарын 26-ны өдөр явуулсан сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад 1027.1 мянган хүн бүртгэгдсэний 98.0 хувь нь саналаа өгчээ. АИХ-ын 422, аймаг, хотын хурлын 1765, сумын хурлын 8977, хорооны хурлын 936, районы хурлын 352, орон нутгийн хотын хурлын 1049 депутатыг сонгожээ. Харин БНМАУ-ын АИХ-ын 36, 147, 259, 351, 353, 358 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм.

АИХ-ын депутатын бүрэлдэхүүний 357 буюу 84.6 хувь нь МАХН-ын, 16 буюу 3.8 хувь нь МоАН-ын, 6 буюу 1.4 хувь МҮДН-ын, 4 буюу 1 хувь нь МСДН-ын гишүүд байжээ. АИХ-д нам бус 39, 9 эмэгтэй депутат сонгогдсон байна.

Сонгогчид мөн намуудын төлөө санал өгсөн бөгөөд МАХН-д 598984 хүн буюу нийт сонгогчдын 61.74 хувь, МҮДН-д 57691 хүн буюу 5.95 хувь, МЧХН-д 11823 буюу 1.22 хувь, МоАН-д 236087 хүн буюу 24.33 хувь, МСДН-д 53541 хүн буюу 5.52 хувь, МНН-д 12044 хүн буюу 1.24 хувь нь санал өгчээ. Намуудын авсан саналын хувиар Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг тогтоож, Улсын Бага Хурлын гишүүнээр МАХН-аас 33, Монголын Ардчилсан Намаас 13, Монголын Социал Демократ Намаас 4, Монголын Үндэсний Дэвшлийн Намаас 3 хүн сонгогдож ажилласан байдаг.

Сонгуулийг Англи, АНУ, ЗХУ, Польш, Япон, Энэтхэг, БНСУ, БНУУ-аас гадаадын ажиглагчид ирж ажигласны зэрэгцээ гадаадын олон сэтгүүлч ирж сонгуулийг сонирхон сурвалжилж дэлхий дахинд мэдээлсэн нь Монголын ардчиллыг гадаад орнуудад ойлгуулахад чухал алхам болжээ.

1990 оны сонгууль ийнхүү өмнөх сонгуулиудаас тэс өөр, шинэ орчин нөхцөлд шинэ агуулга хэлбэрээр, ардчилсан зарчмын дагуу явагдсан анхны чөлөөт, ардчилсан, түүхэн ач холбогдол бүхий сонгууль байлаа.