m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 01:49
61
“Дэлхийн хаана ч ардчилал гэж ам бардам хэлэх эрх монголчуудад бий”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ли Мён Багтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улад анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал, арга хэмжээнд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэнд нь болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе видео мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр орны эдийн засгийн харилцаа нэмэгдэж байгааг энэ үеэр дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголын тал дэмжинэ гэдгийг илэрхийлэв. Ноён Ли Мён Баг гадаадын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал, хууль, эрх зүйн тогтвортой орчин нэн чухал болохыг тэмдэглэж байв.

Тэрээр мөн Монголын ардчиллын тухай өмнө нь мэддэг байсан ч яг бодит байдал дээр 1990 онд ямар үйл явдал болж байсныг Хүндэтгэлийн хуралдаан дээр түүхэн гэрчүүдийн ярианаас өнөөдөр сонсч улам илүү ойлголт, мэдлэгтэй болсон талаараа ярилаа. Ноён Ли Мён Баг Монголд өнгөрсөн хугацаанд өрнөсөн ардчиллын үйл явцыг дүгнэн “Дэлхийн хаана ч ардчилал гэж ам бардам хэлэх эрх монголчуудад бий” гэсэн юм. Уулзалтын үеэр хоёр тал олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцон ярилцав.