m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 09:02
118
"Фонд-1" үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Монголын Урчуудын Эвлэл  нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан энэ салбарын анхдагч бөгөөд хамгийн том олон нийтийн байгууллага юм. 

Тус байгууллага өнөөдөр 73 жилийн түүхтэй,   ЮНЕСКО-гийн олон улсын зураачдын холбоо (IAA) Олон улсын ардын урлагийн байгууллага, (IOV / IOFA)-ын Монголын үндэсний хорооны гишүүн,  өөрийн эгнээндээ  500 гаруй уран бүтээлч гишүүдтэй болжээ. 

Жил бүр Монголын Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг илтгэсэн 50 шахам уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулдаг. Үүнд:“Хавар” “Алтан бийр” “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн” “Монголын сайхан орон” “Намар” “Шинэ бүтээл” зэрэг сэдэвт үзэсгэлэнгүүдийг тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 3000 гаруй уран бүтээл үзэгч олны мэлмийг мялааж байдаг аж.   

МУЭ 1954 оноос өөрийн уран бүтээлийн фондыг үүсгэн бүтээлчдийнхээ сор болсон бүтээлүүдийг худалдан авч, хадгалж, борлуулж байсан бөгөөд 2015 оноос МУЭ-ийн хорооноос фондын үйл ажиллагааг сэргээн, одоо хадгалагдаж байгаа бүтээлүүдийг бусад үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, бүртгэлжүүлэх, хамгаалах, цуврал үзэсгэлэн  болгон толилуулах, улам баяжуулж,  арвижуулахаар  ажиллаж байна. 

Фондын үзэсгэлэнгийнхээ салхийг хагалж  МОНГОЛ ЗУРАГ-ийн бүтээлийг сонгон МУЭ-ийн "Фонд-1" үзэсгэлэн маргааш нээлтээ хийх бөгөөд уг үзэсгэлэнд Монгол зураг, Торгон зургийн дээжис буюу Ц.Даваахүү, Б.Чинтогтох, Ц.Байды, Ц.Дорж, Л.Наранцацралт, Я.Туяа, С.Мижиддорж,  Д.Бадам, Ц.Энхбаяр  зэрэг гуч гаруй уран бүтээлчийн монгол зургийн төрлөөр  1967-1996 оны хооронд туурвиж МУЭ-ийн фондод хадгалагдаж буй бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх гэж  байна.