m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 00:33
50
Ургацынхаа 80 хувийг алдсан гэж дүгнэхэд эрт байна гэв

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаануур, Түшиг, Хушаат зэрэг сумд бол газар тариалангийн гол бүс нутаг. Тэргүүлэх чиглэлээ ч тэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй гэж тодотгожээ. Тиймээс өрхийн аж ахуйгаас хальсан хүнсний ногооны тариалан эрхлэлтээс гадна, тариагаа улсад тушаах, энэ жилийн алдагдлаа хор хохирол багатай давах бодолтой байгаагаа орон нутгийн иргэд Д.Эрдэнэбат сайдад хэлж байлаа.

Байгалийн гамшигт үзэгдэл гэдэг хэлж ирдэггүй асуудал. Дөрвөн жил дараалан сайхан дэлгэр зун болж нэг зундаа ган болдог байгалийн хуулийг сөрж чадахгүйгээс хойш одоо ургаж байгаа тариагаа асуудалгүй хурааж, улсдаа тохирсон үнээр өгчихвөл алдагдлаа нөхөөд ашиг гэх зүйлгүйгээр энэ жилийг өнгөрүүлчихнэ гэсэн бодолтой байгаа гэв. Тариалан эрхлэгчид нэг удаагийн алдагдлыг даах чадвартай байх учиртай. Тиймдээ ч дотоодын тариалан эрхлэгчид ургац алдчихлаа, гаднаас шууд буудай импортоор оруулж ирнэ хэмээж сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байхыг Засгийн газар, салбар яамны мэргэжилтнүүдэд дуулгаарай хэмээн захисан юм. Бид ургацынхаа 80 хувийг алдчихсан, гурил үнэд орно гэсэн хий хоосон цуурхлаар ард түмний санаа сэтгэлийг бухимдуулах бодолгүй байна хэмээн тариалан эрхлэгчид хэлж байлаа.

Ургацаа алдлаа гэдгийг хэлэхэд ч эрт байгаа юм. Тодруулбал, Зүүнбүрэн сумын Ерөнхий агрономич Т.Золзаяа “Бид хэтэрхий эрт дүгнэлт хийгээд байна. Ургац алдаж байгаа нь үнэн. Гэхдээ 80 хувь хүргэж алдах нь юу л бол. Одоо тарианы болц хүртэл сар гаруйн хугацаа байгаа учраас энэ мэт цуурхал ард түмний сэтгэл санааг үймүүлнэ. Манай сумын хувьд ургацын алдагдал 50 хувьтай байгаа. Ногоочид бол төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Тэд гантай зун ч ургацаа алдаагүй. Төрөөс дэмжлэг авдаг тариаланчид маань асуудлыг ингэж хэт хөөрөгдөлгүй хүлээцтэй хандаж, нэг удаагийн эрсдлээ тооцоолмоор байна” гэлээ.