m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.07 03:01
139
С.Шүрэнцэцэг: Хүн жудаг аа гэж...

Сармай цагаан үүлнээс санаандгүй бороо шаагихад
Сандарч тэвдэхийн хэрэггүй, охин өрхөө бүтээдэг болж
Сартай цагаан хорвоогийн жаргал надад ойртож
Санаа цагаан үрс минь өсөж яваа юм байна.

Нармай хавар хуйсагнаж шороон хуй босоход
Намба үргээх хэрэггүй, хүү гэрээ даруулдаг болж
Нартай шаргал хорвоогийн амгалан бүхэн айлсаж
Налайж суухын жаргал надад ойртсон юм байна

Өдлөөд нисэх шувуу шиг өрөвгөр жаахан үрсдээ
Өлзийт цагаан орчлонгийн жамыг бүрэн таниулахсан
Өөдрөг гэгээнд дуртай хүний энэхэн тавиланд
Өгсөж уруудахын замыг бүтэн хэвээр нь үлдээхсэн

Сайнд мууг шингээсэн санаа уужуу ухааныг
Санах нь мартахаа үргээсэн сэргэг уужим сэтгэлийг
Салаа замын уулзвараас зөвийг олох сэхээрлийг
Салсанаа хожим муулдаггүй сайхан өвгөдийн жудагыг

Ижий нь та нартаа үлдээж гэмээ нь
Ирэх нэгэн цагийн идээд барахгүй өв юмсан
Буурал дэлхийн элгэн дээр хүн явахын ухаан
Буян заяа тэгшлэх хутаг тэнд л орших юмсан.

С.ШҮРЭНЦЭЦЭГ. 2015.08.03.