m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.07 03:06
139
С.Шүрэнцэцэг: Алаг чулууны шивнээ

Талын Монголын хөрсөнд чулуу биеийг олсон би
Таван зоосны өртөгөөр хил давж нүүсэн бид
Тавилан заяандаа гомдож нутгаа санаад уйлдаг би
Тал бүрээсээ өөлүүлж тансагын зэрэгт багтсан бид

Эх нутагаа чимж энгэрт нь ээл болсон
Эцэг тэнгэрээ шимж хөрсөнд чийг татсан
Энгэр газарт эрхэлж цэцгэнд нь сүү болсон
Эрт галвын цагаас хүүхлийн тоглоом байсан

Би уг нь Монгол чулуу
Бэл дагасан хүн чулуу
Нутагаа санадаг амьд чулуу
Нулмисгүй уйлдаг алаг чулуу

Эх нутагтаа дэндүү эрх өссөн
Энэ газар би дэндүү их зовсон
Элэг бөөрөө нүхлүүлж энгэрийн чимэг ч болсон
Иртэй мэсэнд ч өртөж хэлбэр галбираа ч сольсон

Алттай нийлж сондор ч болсон
Амттанд багтаж ширээ ч чимсэн
Ар өврөөсөө өөлүүлж ч үзсэн
Гар дамжин тэнэж ч явсан

Голоор минь хэд хуваалаа ч нутагаа л санадаг
Гоё гоёын тэргүүн байлаа ч нугаа л үгүйлдэг
Салхитай нь эрхэлж өссөн сайхан Монголдоо
Санаа байгаад ч би гүйгээд очиж чадах биш дээ

Би уг нь Монгол чулуу
Бэл дагасан хүн чулуу
Нутагаа санадаг амьд чулуу
Нулмисгүй уйлдаг алаг чулуу