m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.17 06:14
251
С.Бүрэнбат: Аймгийнхаа баялаг бүтээгч иргэдээ олонд таниулах нь бидний зорилго

"Масс" агентлагийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг орон нутгийн удирдлага, иргэд талархалтай хүлээн авч, дэмжиж, хамтран  ажилладаг. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрынхан "Гонгорын бумбаны тахилга, Сэлэнгэд үйлдвэрлэв" арга хэмжээг энэ сарын 14-15-нд зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олныг урьж, өдөр шөнийг үл ажран хийж бүтээхийн төлөө хичээн ажиллаж буй  иргэдээ олон нийтэд сурталчлах боломж олгосон юм. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Б.Бүрэнбаттай ярилцлаа.

-"Гонгорын бумбаны тахилга, Сэлэнгэд үйлдвэрлэв" арга хэмжээ өргөн цар хүрээтэй болж байна. Танай аймгийн олон зуун баялаг бүтээгч иргэд оролцжээ?

-Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагт байрлах Амарбаясгалант хийдэд Гонгорын бумбаны тахилга гэх  шашны томоохон арга хэмжээ жил бүр болдог. Энэ жил манай аймгийн удирдлага хамтран хийх шийдвэр гарган энэ ажлыг эхлүүлсэн.  Нэг талаасаа шашны том зан үйл боловч нөгөө талдаа Сэлэнгэ аймгийнхаа баялаг бүтээгч иргэдээ олон нийтэд таниулах, Сэлэнгэ брэндийг гаргах том боломж гэж харж байна. Бумбын тахилгын арга хэмжээнд багадаа 10, хамгийн ихдээ 20 мянган хүн  ирж байсан.

-Энэ жил анхных болохоор учир дутагдалтай зүйл байгаа л байх. Гэхдээ танай аймгийн баялаг бүтээгч иргэдийн хийсэн зүйл цугласан олонд таашаагдаж байна?

-Тэгэлгүй яах вэ. Манай аймаг газар тариалангийн нутаг учир төмс хүнсний болон нарийн ногоо, зөгийн бал, загас, талх гээд олон брэндтэй. Үйлдвэрлэгчид өөрсдөө борлуулж, худалдан авагчдад танилцуулж байгаа болохоор давуу тал их байна.

-Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авах сэтгэлтэй болж. Гэхдээ нэг асуудал байдаг нь үнэ юм. Зарим үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй  байх хандлагатай?

-Таны хэлдгээр монголчууд бие биеэ дэмждэг болжээ. Зарим бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь үнэн. Үнэ хөөрөгддөг хамгийн гол зүйл нь ченжүүд. Гараас гарт дамжсаар эцэстээ хэрэглэгчдэд өндөр үнээр хүрнэ. Энэ байдлыг таслан зогсоомоор байгаа юм. Бид нь үүний эсрэг бодлогоор ажил явуулж, үйлдвэрлэгчид өөрсдөө шууд худалдах боломж олгож энэ арга хэмжээг зохион байгуулсан. Гадаадын жуулчин, Монголын өнцөг булан бүрээс ирж буй сүсэгтэн олон Сэлэнгийн брэндийг танилцуулж, сурталчлахыг гол зорилгоо болгон бид ажиллаж буй нь энэ.

-Сэлэнгэ аймаг Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутгийн нэг. Энэ жил  ургац алдах нь , байдал маш хүнд байгаа гэсэн мэдээлэл  газар авлаа. Танай аймгийн хувьд байдал ямар байна вэ?

-Энэ жил адармаатай жил болсныг хүмүүс бүгд мэдэж байна. Зуншлага оройтсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүс өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Зарим нь гайгүй гээхэд, нөгөө хэсэг нь маш хүнд байна л гэх юм. Гэхдээ яг газар дээрээ бол яадгаа алдаад байгаа зүйл алга. 

Нэг га-гаас  найм орчим центр ургац авахаар төлөвлөөд ажиллаж байна.Энэ жилийн тариа 20-30 см байна. Үүнийг хураахад хүндрэл учруулдаг.

Манай аймгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт зургаа, долоодугаар сард огцом халж, хур бороо ороогүй удлаа. Манай газар тариалангийн бүс нутагт тавдугаар сарын 30-нд бороо ороод долоодугаар сарын 6 хүртэл хур бороо орсонгүй. Ийм байхад тарианы ургалт ямар байгаа нь ойлгомжтой. Байдлыг дээрдүүлэхийн тулд үүлэнд нөлөөлж хур бороо оруулах арга хэмжээ авсан. Буриад улсад түймэр ихтэй байсан учир халуун салхи, шуургатай байлаа. Энэ  нь хамгийн чухал үе болох тарианы бутлалт, соёололтонд нөлөөлсөн.

-Та саяхан бүх сумдаараа яваад ирсэн гэсэн үү?

-Тийм ээ. Баруунбүрэн сумын зүүн хэсэг, Орхон, Орхонтуул, Сант, Цагаан нуурын нутаг дэвсгэр гантай байсан. Энэ жил бид 15.6 центр ургац авах гэрээг Засгийн газартай хийсэн. Байгаль цаг уурын байдлаас шалтгаалан 60 хувийг нь авах төлөвтэй байна. Хувь нь ийм байгаа боловч тарианы чанар маш сайн байгааг тариаланчид хэллээ. Нэг га-гаас  найм орчим центр буюу 100 мянган тонн ургац авахаар төлөвлөөд ажиллаж байна.Энэ жилийн тариа 20-30 см байна. Үүнийг хураахад хүндрэл учруулдаг.

-Танай аймаг энэ жил хэдэн га газарт тариа тарьсан бэ. Түүнээс хэдийг хураах боломжгүй байна?

-Манай тариаланчид 189 мянга га талбайд тариа тарьсан. Цаг агаарын таагүй байдлаас үүдэн 40 га газрыг хураах боломжгүй болсон. Маш тачирхан ургасан тариаг хураах техник хэрэгсэл одоогоор алга. Гантай жил тариа алаг цоог ургадаг. Нутгийнхаа хамгийн шилдэг агрономич, тариаланчидтай уулзаж ярилцан аль болох арвин ургац авахын төлөө хичээж байна.

-Танай аймаг улсын нөөцийн хэдэн хувийг бүрдүүлдэг вэ?

-Бид энэ жил 100 мянган тонн ургац авахаар төлөвлөсөн. Монгол Улсын нэг жилийн хэрэгцээ 320-330 мянган тонн байдаг. Түүний гуравны нэгийг хангах зорилго тавиад ажлаа хийж байна. Манай ургац хураалт 15 хоногийн дараа  эхэлнэ.

 Миний бодлоор ийм боломж байсаар байтал үнээ нэмж буй нь хөөрөгдөл л гэж бодож байна. 

-"Гурилын үнэ өсөх нь, болохоо байх нь" гэж ярьсаар одоо гурил кг тутамдаа 30-80 төгрөгөөр нэмэгдчихлээ?

-Ганц нэг компани, хувь хүний мэдээллээр асуудлыг хөөрөгдөж боломгүй санагддаг. Улсын нөөцөд аравдугаар сарыг дуустал хэрэглэх тариа бий. Түүний араас бидний хураасан тариа залгахаар ямар ч байсан гал алдахгүй шүү дээ. Миний бодлоор ийм боломж байсаар байтал үнээ нэмж буй нь хөөрөгдөл л гэж бодож байна. 

-Орон нутгийн удирдлага "Масс" агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг дэмждэг. Танай аймгаас энэ төсөлд хамрагдах хүсэлтэй олон иргэн, аж ахуйн нэгж байна?

-Танай хамт олонд талархал илэрхийлье. Нүдээ олсон чухал ажил гэж манай аймгийн удирдлага хардаг учир хамтран ажиллах хүсэлтэй. Манай аймгийн олон зуун баялаг бүтээгч иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчилан,  борлуулалт, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та бүхний ажилд амжилт хүсье.