m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 00:03
198
2000-2004 оны парламентын үед ДНБ 10 хувиар анх удаа нэмэгджээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш гурав дахь удаагийн сонгууль нь 2000 онд болж байлаа. Хоёр дахь удаагийн сонгуулийн дараа хэд хэдэн Засгийн газрын нүүр үзсэн монголчууд энэ удаа МАХН-д итгэл хүлээлгэн 72 суудал өгсөн бол МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл нэг, ИЗН-НН нэг, Эх орон-МАШСН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авч байсан түүхтэй. 2000-2004 оны Их хурлын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулан Засгийн газраа бүрдүүлж асан цаг.

Гурав дахь удаагийн Их хурлын сонгуулийн үр дүнгээр бий болсон парламентад төрийн бодлогын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэх, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг  дэмжин өргөжүүлэх, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн өргөн хүрээтэй  асуудлыг шийдвэрлэх  түүхэн хариуцлага ногдсон юм. Уг парламент бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 140 хууль шинээр баталж, 443 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 110 гэрээ, конвенц соёрхон баталж, 51 хууль хүчингүй болгосон байдаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаагаа 10 орчим хувиар нэмэгджээ.

Эдгээрт Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон Төрийн аудитын тухай хуулиуд батлагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрдэхэд томоохон түлхэц үзүүлсэн байна. Гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ нь төрийн бодлогын тогтвортой шинж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, бодлогын чанартай болон эрх зүйн томоохон шийдлүүдийг гаргахад бодитой алхам хийсэн хэмээн дүгнэгддэг юм. Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн сонгуулийг товлон зарлахаас нэг сарын өмнө улс орны эдийн засаг, нийгмийн болон санхүүгийн байдлыг мэдээлдэг шинэ жишиг тогтоосон нь төр, засгийн байгууллага сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгаагаа үнэлүүлэх боломжийг олгож байсан ажээ.

Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай   зэрэг  томоохон  хуулийг шинээр баталсан юм. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах  эрхэм  зорилгын  хүрээнд Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрийг баталж, Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулав. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2000 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны нэгдүгээр тогтоолоор Хүний эрхийн үндэсний комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г.Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс  байгуулагдсан түүхтэй аж. Түүнчлэн газрын шинэтгэлийн бодлогыг тодорхойлсон газрын тухай багц хууль, түүний дотор  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлан гаргасан нь иргэний нийгмийн баталгааг хангах, газрыг аж ахуйн эргэлтэд оруулах хийгээд анх удаа иргэд газраа өмчлөх эрхийг нээж өгсөн  чухал  ач холбогдолтой болжээ. Иргэдийнхээ нийгмийн хамгааллын талаар төр, засгаас онцгойлон анхаарч ирсний дүнд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, хөдөлмөрийн хөлсний болон тэтгэврийн доод түвшингийн хэмжээ хоёр дахин нэмэгджээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ш.Гунгаадорж, Т.Ганди, Д.Дэмбэрэл, Н.Баяртсайхан, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар Байнгын хорооны даргаар дөрвөн жилийн хугацаанд улиран сонгогдон ажилласан байна.

2000-2004 оны УИХ бүтцийн хувьд  өмнөх сонгуулийн Улсын Их Хурлын долоон Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалан ажиллаж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ш.Гунгаадорж, Т.Ганди, Д.Дэмбэрэл, Н.Баяртсайхан, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар Байнгын хорооны даргаар дөрвөн жилийн хугацаанд улиран сонгогдон ажилласан байна.

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Монголын төр, засгийн бодлого, тогтвортой үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт анх удаагаа 10 орчим хувиар нэмэгджээ.   Энэ удаагийн Улсын Их Хурал хүн төрөлхтний хөгжлийн хоёр зуун солигдох түүхэн цаг мөч тохиосон үед үйл ажиллагаагаа явуулж ирсэн онцлогтой. Мянганы жилд зориулж Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулганаа хуралдуулан Монголын төрт улсынхаа түүхэн  уламжлал, замналын сургамжаас суралцан төрт ёсоо дээдлэн түмэн олныхоо тусын тулд эв эеээ хичээн зүтгэх үүрэг, хариуцлагынхаа тухай хэлэлцэж байжээ.

Э.ЭНХ

 “Өдрийн сонин”