m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 04:03
169
Э.Баттулга: Долоодугаар сард жуулчдын тоо өссөн

Маш богино хугацаатай манай аялал жуулчлалын улирал удахгүй дуусна. Энэ жил Хүй долоон худагт анх удаа Даншиг наадмыг зохион байгуулсан нь энэ салбарын цоо шинэ бүтээгдэхүүнд тооцогдож байна. Мөн сүүлийн жилүүдэд тогтмол буурсан жуулчдын тоо өсчээ. Ингээд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай аялал жуулчлал, энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө зэргийн талаар ярилцсанаа хүргэе.

САЙХАН СЭТГЭГДЭЛТЭЙ БУЦСАН ЖУУЛЧИН САНАСНААС ЦӨӨН ЖУУЛЧИН ДАГУУЛДАГ БОЛ СӨРӨГ БОДОЛТОЙ БУЦСАН ЖУУЛЧИНТӨСӨӨЛСНӨӨС ОЛОН ЖУУЛЧНЫГ БУЦААДАГ

-Монголд ирдэг нийт жуулчдын хэдэн хувь нь нийслэлд ирдэг юм бэ. Хэнийг Улаанбаатар хотын ирээдүйн жуулчид гэж харах вэ?

-Угтаа бол их өндөр, олон улсын тээврийн гол зангилаа болохоор 92 орчим хувь нь ирдэг судалгаа бий. Гэхдээ амралтын зорилгоор яваа жуулчдын хувьд дайран өнгөрөх аль эсвэл цөөн хонохыг илүүд үздэг, аялал жуулчлалын компаниуд ч ийм сонирхолтой. Цааш нь түлхдэг олон шалтгаан бий. Үйлчилгээ, үйлчилгээндээ таараагүй үнэ, үзэж харах зүйлсийн сэтгэл татах чадвар, аюулгүй байдал, иргэдийн хандлага гэх мэт. Хүний үйл ажиллагаанд харьцангуй бага өртсөн байгаль, түүнд зохицсон нүүдлийн соёл, ахуйг сонирхож ирдэг хүмүүсийн хувьд хот газар сонирхлыг нь бага татна, тэр байтугай хурдхан холдохыг хүсдэг нь ч бий. Гэхдээ нийслэл хотын хувьд тээврийн зангилаа болж байгаа боломжоо бүрэн ашиглаж нэгэнт ирчихсэн жуулчны мөнгийг сайн үйлчилгээ, сонирхолтой үзмэр, сайхан хандлагаар татаж аль болох олон хонуулахыг зорьж байна.  

Мөн дайран өнгөрч буй жуулчдаас гадна бизнесийн, ажил хэргийн, хурал зөвлөгөөнд оролцох, шашин мөргөлийн, худалдаа наймааны зорилгоор ирж байгаа жуулчдыг  нэмэгдүүлэхэд ч анхаарч байгаа. Ер нь бол жуулчдыг татах хоёр үндсэн хүчин зүйлд газар нутгийн ойр дөт байдал, соёл түүхийн холбоог авч үздэг. Аялах газар нь гол зах зээлтэйгээ ойр байх тусам олон жуулчин татаж, холдох тусам жуулчдын тоо буурдаг зүй тогтолтой. Монголд ирсэн жуулчдын 90 гаруй хувийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчин эзэлдэг нь үүнтэй холбоотой, цаашдаа ч хэвээр хадгалагдана.

Соёл түүхийн холбоо, газар нутгийн ойр дөт байдал, дэд бүтцийн боломжоо авч үзвэл соёлын болон бизнес ажил хэргийн жуулчлалаар Зүүн хойд Азийн жуулчдыг нийслэлд түлхүү авах бодит боломж бий. Дэлхийн жуулчны зах зээлд тэргүүлэх байр суурьтай болсон хоёр хөршийн жуулчид, түүний дотор Монгол туургатнуудаа Улаанбаатар хот руу зорин жуулчлах сонирхлыг төрүүлэх нь чухал юм. Ялангуяа хил залгаа амьдран суугаа олон сая Монгол туургатнууд хөдөө, орон нутгийн амьдрал ахуйгаас илүү Улаанбаатар хотыг илүүтэй сонирхдог нь одоогийн нөхцөл байдал, судалгаа хоёроос харагдаж байгаа.

-Цааш нь түлхдэг олон шалтгаан бий гэж та хэллээ. Тэгвэл эдгээрийг арилгах, бууруулах ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Зорих газрын хувьд “харьцуулах давуу тал” гэж бусад улс хотуудтай ижилсүүлж ойртуулж байх хэрэгтэй үзүүлэлтүүд байдаг. Зам тээвэр, дэд бүтцийн хөгжил, нийгмийн үйлчилгээ, аюулгүй байдлын түвшин гэх мэт. Бас бусад улс хотуудаас ялгаруулах ёстой “өрсөлдөх давуу тал”, түүний үзүүлэлтүүд гэж бий. Жуулчдад санал болгох үзвэр, үйлчилгээ, тухайн газрын дүр төрх гэх мэт.  Жишээ нь: Эмнэлэг, даатгал, үйлчилгээ сайтай аюулгүй хотод өөр хаана ч үзэх боломжгүй үзмэр, үзвэрийг боломжийн үнээр санал болговол тэр өрсөлдөх чадвартай, урт настай бүтээгдэхүүн болно.

Бидний хувьд "Найрсаг УБ" хөтөлбөрийн хүрээнд жуулчлалын бизнесээ дэмжих ажлуудыг алхам алхмаар хийж байна. 2014 оны намдугаар сард аялал жуулчлалын зөвлөгөөнд оролцсон бизнес эрхлэгчид баар, цэнгээн, үйлчилгээний газруудын цагийг уртасгах, жуулчин тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтаас гаргах, авто зогсоолуудын асуудлуудыг шийдвэрлэх, жуулчдын үзэж харах зүйлсийг нэмэгдүүлэх зэрэг санал тавьж байлаа. Одоо бүгд шийдэгдээд, олон ажил хийж байна.

Мэдээж  хотын аялал жуулчлалын хөгжилд иргэдийн хандлага, орчин чухал нөлөөтэй. Гудамж, талбай орчин бол нэг үеэ бодвол цэвэр, цэмцгэр, сайхан тохижилттой болсон. Харин иргэдийн харилцаа жуулчинтай байтугай өөр хоорондоо ч тийм сайхан биш хэвээр байна. Монголд аялсан нэгний тэмдэглэлд ууртай монгол хүн олж харна гэдэг боломжгүй зүйл гэж бичигдсэн нь саяхных. Гэтэл 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Монголыг жуулчдад таатай бус 10 орны нэгээр нэрлэсэн. Түүнээс хойш бид иргэддээ чиглэсэн "Найрсаг УБ" аяныг эхлүүлж, өөр хоорондоо төдийгүй өрөөл бусадтай найрсаг харилцах, харилцан хүндлэх, хамтаар амьдрах хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг шууд, шууд бус олон аргаар хийж байна.

Gogo.mn сайт ч энэ аянд нэгдэж иргэдийн хандлагыг өөрчлөх чиглэлээр асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд, шүүмжлэл, зөв хандлагыг урамшуулах ажлуудыг цувралаар хийж байгаа билээ. Мөн бид яг одоо бол JCI Mongolia байгууллагатай хамтран "Инээмсэглэх Монгол-Найрсаг УБ", Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран "Соёлтой такси", "Монгол-Японы аз жаргал" нийгэмлэгтэй хамтран "Хөөрхөн жолооч" зэрэг аяныг явуулж байна. Шууд бусаар явуулж буй ажлуудын маань үр дүн амьдралд харагдаад эхэлсэн байна лээ. Гарцаар гардаг явган зорчигч, зам тавьж өгсөн нэгэндээ ослын дохиогоо асааж талархлаа илэрхийлдэг жолооч, "Инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр бүү нээ" гэдэг үгийн утгыг ойлгосон үйлчилгээний ажилтнууд нэмэгдэж байгааг харахад сайхан л байна.

Түүнээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор жуулчдад мэдээлэл, туслалцаа үзүүлэх 3 төвийг байгуулж, үйлчилгээний доголдолтой холбоотой жуулчдын санал гомдлыг хүлээн авах, мэдээлэл өгөх “Жуулчны лавлах утас” ажиллуулж байна.

Гадаадын иргэд хамгийн их зорчдог 40 гаруй чиглэлд англи хэл, харилцааны сургалтад хамрагдсан эргүүл, "Жуулчдад ээлтэй оюутан цагдаа" нарыг ажиллуулж байгаа. Халаасны хулгай, танхайн хэргийн хохирогч болсон гадаадын иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, аялал жуулчлалын нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах Жуулчны цагдаагийн нэгжийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд байгууллаа. Сайхан сэтгэгдэлтэй буцсан жуулчин санаснаас цөөн жуулчин дагуулдаг бол сөрөг бодолтой буцсан жуулчин төсөөлснөөс олон жуулчныг буцаадаг юм. Тийм болохоор жуулчдад өөрсдийг нь хамгаалах, гомдол саналыг нь хүлээн авах бүтэц ажиллаж байна гэдгийг мэдүүлэх нь чухал.

Мөн Монгол улсад аялж яваа жуулчин Монголчуудын ёс заншил, соёл уламжлал, амьдралын хэв маягт хүндэтгэлтэй хандаж, хуулиас гадна нийгмийн тогтсон хэм хэмжээг мөрдөж байх ёстой гэдгийг жуулчны байгууллагууд, хүлээн авч байгаа иргэн, байгууллага бүр хэлж, ойлгуулах ёстой. Тэгж байж бид Бурхан халдунд болсон шиг жуулчид, иргэдийн хооронд үүсэх соёлын үл ойлголцлоос зайлсхийж чадна.  

ИТГЭЛТ ХАМБЫН АЯЛАЛ ДУНДЖААР 350 МЯНГА ГЭЖ ҮЗВЭЛ ГАНЦХАН САРД 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ГАДАГШИЛСАН БАЙНА

-Энэ жил жуулчид хотод үзэж харах зүйл ихтэй өнжлөө. Гэхдээ Даншиг наадам зэргийг зохион байгуулсныг эсэргүйцэх иргэд ч байсан. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна. 

-Саяхан Даншиг наадам-Хүрээ цам соёлын арга хэмжээ боллоо. Зарим иргэд хэвлэлийн бага хурал зарлан, олон сая төгрөгийг үргүй зарах гэж байна гэцгээсэн.

Ингэж асуудал дэвшүүлэх нь иргэдийн эрх. Гэхдээ бид энэ наадмыг эдийн засгийн боломж талаас нь харсан. Ганцхан жишээ хэлье.

Монгол хүн гадаад руу хувийн хэргээр зорчих боломж нь нээгдсэнээс хойш сүүлийн 20 жилд Утай, Гүмбэн, Лхас, Төвд рүү, сүүлийн 5 жилд Итгэлт хамба руу олон мянгаараа аялж байна. 2014 онд 160 гаруй мянга, 2015 оны зургаадугаар сард 33,5 мянган хүн Алтанбулагийн хилийн боомтоор ОХУ-руу зорчжээ.

Итгэлт хамбын аялал 1 хүнийх нь дунджаар 350 мянга гэвэл ганцхан сард 10 гаруй тэрбум төгрөг шашны аялалд зарцуулагдсан байна. Энэ бол зөвхөн аялал жуулчлалын компаниудад төлсөн төлбөр. Үүнээс гадна худалдаа, өргөл барьц гэх мэтчилэнгээр асар их мөнгийг бид гадаад зах зээл рүү цутгаж байгаа. Шашин мөргөл угаасаа л аль ч улсад аялал жуулчлалын хамгийн том чиглэл байсан, цаашид ч байсаар байх болно. Гадагшаа гарч буй мөнгөний урсгалаа зогсоох шаардлага, гаднаас ирэх урсгалыг татах боломж бидэнд байсан.

Тэр нь 300 жилийн түүхтэй ч сүүлийн 100 жилд тасалдсан Даншиг наадам бас Хүрээ цамын ёслол, Бурханы шашны 3 том төвийн нэг гэсэн имидж юм. Нөгөөтэйгүүр Монголын аялал жуулчлал өнөөдрийг хүртэл олон улсад танигдсан "Наадам" гэдэг ганцхан брэндтэй явсаар ирсэн. Наймдугаар сард орон зай байсныг Даншгаар дүүргэх бололцоо гарлаа. Дараа жилээс жуулчид хэдэн мянгаараа зорьдог болно, эргэлзэх хэрэггүй. Жуулчны хуанлид Даншиг наадам багтсан байсан болохоор энэ жил ч чамгүй тооны жуулчид зорьж ирсэн. Ер нь бол нийслэл хот жилийн өмнөөс жуулчдад зориулсан Сонгодог урлагийн үдэш, Учиртай гурван толгой дуурь зэрэг 32 соёл, спортын арга хэмжээний хуанли гаргаж, аялал жуулчлалын байгууллагуудад, олон улсын үзэсгэлэнгүүдэд танилцуулсан.

Тэдгээрийгээ ч өндөр хэмжээнд зохион байгуулсан гэж ойлгож байгаа. Олон нийтийг хамарсан дээрх арга хэмжээнүүд нь нэг талаас иргэддээ эдийн засгийн боломж олгох, нөгөө талаас хүссэн хүсээгүй үүсдэг их хотын стресс бухимдлыг нь тайлах, амралт, чөлөөт цагийн боломж олгох, нийтийн соёлыг түгээх гээд олон ач холбогдолтой.            

ҮР ДҮНД НЬ СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БУУРАЛТТАЙ БАЙСАН ЖУУЛЧДЫН ТОО ДОЛДУГААР САРД ӨСӨЛТТЭЙ ГАРЛАА

Манай улсыг зорих жуулчдын тоо сүүлийн 3 жил тасралтгүй буурсны эцэст 2015 оны 07-р сард анх удаа өсөлттэй гарлаа. Үүний шалтгааныг мэргэжлийн хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ?

Энэ талаар би өмнө нь "Mongolian economy"-ийн сэтгүүлчтэй ярилцаж байсан юм. Бууралтын шалтгааныг аялал жуулчлалд Батлерын гэх зүй тогтлоор тайлбарладаг. Аяллын зорих газрыг шинэ зүйлсийг эрэлхийлэгчид, адал явдал хайгч, үүргэвчтэй аялагчид нээж, зохион байгуулалттай аялагчид өсгөж, масс жуулчлал хөгжлийн боломжит цэгт нь хүргэж өгдөг. Энэ үйл явц зарим газарт хэдхэн жил, зарим газарт хэдэн арван жил ч үргэлжилж болно. Зөв бодлого, менежмент хэрэгжүүлсэн нь тогтвортой өсөж хөгжөөд явдаг. Гараа хумхиад суусан нь жуулчидгүй хоцордог. Хэдэн жилийн дараалсан бууралтын шалтгааныг холоос хайх шаардлагагүй, Монголыг “мода”-нд оруулах ажил хангалтгүй хийгдсэн, хойд хөршийн иргэдийн аялах боломж буурсан, дотоодод уул уурхай зогсонги байдалд орсноос бизнес, ажил хэргийн жуулчлал буурсантай холбоотой. Улаанбаатар хот “Найрсаг УБ” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ амжилтад хүрсэн улс, хотуудын жишгээр бууралтыг зогсоох 2 үндсэн аргыг зэрэг хэрэглэж байна. Эхнийх нь уламжлалт зах зээл буюу Баруун Европ, Хойд Америк, Япон, Солонгосын зах зээлд шинэ дүр төрхтэйгөөр дахин гарч ирэх явдал. Одоогийн зах зээлийн ¼ орчим хувийг эзэлж буй амралтын зорилгоор Монголыг зорих жуулчид хот суурин газрын соёл, амьдралын хэв маягийг сонирхох нь ховор.

Гагцхүү агаарын болон төмөр замын тээврийн зангилаа болж буй байдал нь Улаанбаатар хотод ирэх шалтгаан болж байгаа. Үүнийг өөрчлөх амаргүй ч амралтын зорилгоор ирдэг жуулчдын сэтгэлд хүрсэн үзвэр, үйлчилгээ, эерэг хандлагыг бий болгох замаар аль болох олон хонуулах, нийслэл дэх мөнгөн зарцуулалтыг нь нэмэгдүүлэхээр хийж буй ажлуудыг дээр дурьдсан. Дараагийн арга нь шинэ зах зээлд анхаарал хандуулж буй явдал. Хөрш орны “аяллын зорилгоор ирэгсэд”-ийн урсгалыг бий болгохоор зорьж байна. Тэд яалаа гэж манайд жуулчлах вэ гэж зарим нь бодож байж магад. Аялах эдийн засгийн боломж хэзээ бүрдэнэ тэр цагаас эхлэн хил залгаа эсвэл газар нутаг ойр дөт улсын, бага зардлаар хүрч болохуйц төв суурин газрууд руу хүмүүс зорчиж эхэлдэг. Үүнийг Бартоны 4 үечлэл гэж нэрлэдэг. Бид эхлээд Эрээн, Бээжин, тэгээд Хонконг, Сингапур хүрсэн шиг тэд Алтанбулаг, Замын-Үүдээр дамжаад Улаанбаатарт аялах болно. Энэ үйл явц дор хаяж 10 гаруй жил үргэлжилнэ. Хөрш орны жуулчид дотор хамгийн өндөр ач холбогдол өгөх сегмент нь Монгол туургатнууд байх юм.  

Дээрхтэй холбогдуулан бид зах зээл болгоны онцлогт тохирсон маркетинг, сурталчилгаа хийж байна. Баруун Европ дахь сурталчилгааг дэлхийн хамгийн том аяллын үзэсгэлэн ITB Берлинээр эхлүүлсэн, Улаанбаатар хот анх удаагаа олон улсын аялал жуулчлалын зах зээлд өөрийгөө танилцуулах алхмыг хийсэн. Сөүл хотын төв талбайд  Улаанбаатарыг танилцуулах өдөрлөг ямар сайхан болсныг манайхан санаж байгаа биз.

Нийслэлийн Засаг дарга, салбарын сайд хоёр аялал жуулчлалынхантайгаа Японы аялал жуулчлалын шийдвэр гаргах түвшний удирдлагууд, холбоод, гишүүдтэй уулзаж хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлсэн, хүсэл зорилгоо илэрхийлсэн, БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудад Улаанбаатар хотыг танилцуулах аялал зохион байгуулсан гээд тоочвол олон ажил өнгөрсөн саруудад хийгджээ. Үр дүнд нь сүүлийн гурван жилийн хугацаанд бууралттай байсан жуулчдын 2015 оны эхний 7 сарын байдлаар 5,3 хувийн өсөлттэй гарлаа. ИХШХЕГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ оны 7-р сард өмнөх оноос 13,6 хувиар олон жуулчин ирсэн байна.  

УЧИР НЬ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ГАДААД ЗОРЧИГЧДЫН ТООГООР, ХОТУУД БОЛ ХОТДОО ХОНОГЛОСОН ӨДРИЙН ТООГООР ЖУУЛЧДЫГ ТООЦДОГ

-Нийслэл хот 2020 он гэхэд 2 сая жуулчин авах зорилттой. Энэ хир бодитой, боломжтой тоо вэ. Түүнчлэн аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийн талаар илүү нарийн тооцоо бий юу?

Нийслэл хотын албан татварын тухай хуулиар жуулчны үйлчилгээнээс тодруулбал зочид буудал, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнээс 1 хүртэл хувийн татвар авахаар болсон билээ. Миний хувьд эндээс хоёр том ач холбогдлыг харж байгаа. Нэг талаас аялал жуулчлалын үйлчилгээнээс цуглуулсан татвараар дараагийн жуулчдыг татах төслүүдийг санхүүжүүлэх, нөгөө талаас хотод ирсэн жуулчдын тоог, салбарын орлого зарлагаа тодорхой тооцох боломжтой болно.

Учир нь дэлхийн улс орнууд хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн тоогоор, хотууд бол хотдоо хоноглосон өдрийн тоогоор жуулчдыг тооцдог. Одоогийн улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчдоос жуулчдын тоог тооцоолж гаргах арга нь хотын хувьд учир дутагдалтай. Бидний гол зорилго бол аль болох олон жуулчин татахаас гадна ирсэн жуулчдаа Улаанбаатарт олон хонуулах, мөнгөн зарцуулалтыг нь нэмэгдүүлэх явдал юм. Аялал жуулчлалын компани буюу тур оператороор дамжин аялж буй жуулчин хоногт дунджаар 190 ам.доллар зарцуулдаг судалгаа бий.

Үүргэвчтэй аялагчид, аяллаа бие даан зохион байгуулагчдын хувьд үүнээс бага мөнгө зарцуулдаг. 190 ам.доллар гэдэг нь ойролцоогоор Монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нийлүүлсэнтэй тэнцүү гэсэн үг. Энэ жил бид анх удаа нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын үзүүлж буй нөлөөллийн судалгааг хийсэн. Эдийн засгийн үр өгөөжийг шууд, шууд бус, дам гэсэн 3 байдлаар тооцож, шүүрэлтийн хэмжээ, гадаад валютын өсөлт, бууралтад нөлөөлөх хэмжээ зэргийг тогтоосон.