m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 00:20
92
Бүх сурах бичгийг нэг ч төгрөгний нэмэгдэлгүй авна

Энэ хичээлийн жилд нийтдээ 580 гаруй мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд орж сурах бичиг хэрэглэнэ. Нэг хүүхэд ойролцоогоор 6-10 сурах бичиг хэрэглэнэ гэж бодохоор таван сая гаруй сурах бичиг тараагдах юм байна. Харин сурах бичгийг тараах ажил жил бүр асуудал дагуулж сурах бичгээ олж чадахгүй, БСШУ-ны сайдын баталсан үнээр нь авч чадахгүй илүү өртгөөр авах, олдоц хүрэлцээ муу гээд л олон гомдол гардаг байсан.

Тэгвэл энэ жилээс Монголын Залуучуудын Холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр сурах бичиг хэвлэсэн бүх компаниудын сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ. 

Ард иргэдийн амьдрал, хүүхдүүдийн амьдрах боломж нөхцөл хэцүү байгаа учраас нэг ч сурах бичиг дамлуулахгүй, нэг ч төгрөг нэмүүлэхгүйгээр байнгын цэг ажиллуулан сурах бичгээ тараах юм байна. Уг цэгүүд 9-11 саруудад бүтэн ажиллах бөгөөд эдгээр байнгын цэгүүд нь Нийслэлийн боловсролын хөгжлийн газар / Номын цагаан өргөө/, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд байрлахаар болжээ.

БСШУЯ-аас нийт сурах бичгийн 26 орчим хувийг сургуулиуд руу үнэ төлбөргүй нийлүүлдэг бөгөөд үлдсэн хувийг нь эцэг эхчүүд худалдан авдаг байна. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны Боловсролын байнгын хорооноос нэн ядуу, хүнд амьдралтай хүүхдүүдийн сурах бичгийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулж байгаа ба одоогоор сурах бичиг үйлдвэрлэдэг компаниудтай харилцан тохиролцох гэрээний шатандаа явж байгаа аж.

Тэгэхээр иргэд өнгөрсөн жилүүдэд 10 гаруй компаниас төрөл бүрийн сурах бичиг авдаг байсан бол энэ жил МЗХ-ны Боловрсолын байнгын хороо гэх ганцхан газраас авах юм байна. Харин хөдөө уран нутгийн ЕБС-уудад аймаг дах салбар зөвлөлүүдээрээ дамжуулан олгох талаар ярьж байгаа аж. Ийнхүү Улаанбаатарчууд хүүхдийнхээ сурах бичгийг 1900-3900 төгрөгийн үнээр, нэг дороос авах сайхан боломж бүрдэх нь.