m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 00:38
424
Надтай хамт мэндэлж, нүд нээсэн Миний хороолол

 “Таван зуун айл” гэдэг газар нийслэлд хаана байдаг юм бол гэж та гайхах байх. Бидний нэрлэж заншсан III, IVхорооллыг ингэж нэрлэж байсан юм. Учир нь одоо олон мянган айл амьдарч буй тэр газар 500-хан айл байсантай холбоотой. Гурван хаалгатай улаан автобус өдөртөө зургаан удаа явахад суух хүн олдохгүй, хий баахан давхилддаг байсан тухай эмээ маань хуучилж билээ. Манай өвөөгийнх Таван зуун айлд суурьшиж байх үед хороон дарга нь ирээд сарын дотор нүүх албан тоот өгчээ. Учрыг нь лавлавал “Шинэ хороолол барина, танайх ч тэр байранд орж магадгүй шүү” гэж хэлсэн гэдэг.

Баянгол дүүргийн VIII-XV хороог одоо бол гурав, дөрөвдүгээр хороолол, бас шинэ үеийнхэн Монголын Ньюрк гэх нь бий. Орос ах нарын бэлгийн хорооллын анхны байшин сүндэрлэхэд хороон даргын амны бэлгээр манайх тэнд суурьшсан юм. Хамгийн намхан нь тав, тэгээд ес, арван хоёр давхар сүндэрлэх хорооллынхоо байрны оройг харах гэж бяцхан жаал би хичээсээр сүүлдээ нүд наранд гялбаад чаддаггүй байж билээ.

Солонгосын онц сонирхолтой “Хон Гил Дон” гэдэг кино гарч эхэлж байгаа нь нь тэр гэнэ.

Олон давхар орон сууц, цахилгаан шат гэдгийг мэдэхгүй хүмүүс эхэндээ их хөглөдөгсөн. Ялангуяа өндөр настнууд цахилгаан шат явах, зогсоход хана түшиж, хажуудах хүнээсээ зууран бидний инээдийг барна. Давхар андуурч , хаалга тогших хүн цөөнгүй. Шинэ хорооллын цэцэрлэгүүд ажлаа эхлээгүй учир бид гэрийн цэцэрлэгийн хүмүүжигч болж эмээ, өвөө орон тооны бус багш болж, өдрийг жаргалтай өнгөрөөдөгсөн. Нэг өдөр хаалга цохилоо. Эмээ “Хүн хаалга андуураа биз, давхраа хэлчих” гэлээ. Гүйж очоод хаалгаа нээтэл хар хүрэм өмсөж, зангиа зүүсэн ах эмээ, өвөө хоёрт “Сансрын нисгэгч Ганзориг гуайнх байранд орох гэж байна. Гадаа гараад жагсаарай. Гартаа барих цэцэг байвал бүр сайн” гэв. Байранд ороод долоо ч хоноогүй байсан үе.

Манай давхарт дөрвөн хаалга байх ч хүн орж, гарах нь харагддаггүй учир давхартаа манайх л байдаг гэсэн бодолтой явсан юм, би. Гэтэл орцны гадаа 100 шахам хүн гараад ирчихсэн, сансрын нисгэгчийнхийг угтлаа. Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа гуай ч тэр үед ирлээ. Сансрын хөлөг дотроос инээж, гараа даллаж байсан хүн газарт буугаад бидэнтэй мэндчилж, гар барихад өөрөө сансарт нисэх мэт сэтгэгдэл төрж билээ. Хөл хөөрцөг болсон үйл яьдал дунд тэднийх байрандаа орлоо.

Хороолол бол тэнд төрж өссөн бидний төрсөн нутаг. “Нутгаа” танилцуулахын тулд “Од” кино театраас эхлэх нь зүйтэй болов уу. Хорооллын цорын ганц кино театр бидний очих дуртай газрын нэг байв. Тэндхийн тасалбар түгээх газар дугааргүй байна гэж бараг үгүй. Хэр олон хүн байгааг цонхоороо хараад, ямаршуу кино гарч гэдгийг төвөггүйхэн мэдчихнэ. Нэг өдөр хартал хүмүүс “Од”-ыг бараг бүтэн ороох шахаж. Солонгосын онц сонирхолтой “Хон Гил Дон” гэдэг кино гарч эхэлж байгаа нь нь тэр гэнэ. Бага ангийн бид ах, эгч нарын ярианаас өнөөх киноны тухай сонсоод үзсэн мэт нэгэндээ гайхуулан ярьж завсарлагааны 10 минутыг өнгөрөөдөгсөн.

Хорооллын бас нэг сонин сайхан газрын нэг бол тухайн үеийн Ахуйн үйлчилгээний ордон. Тэнд хэн дуртай нь хөл тавьдаггүй газар байлаа.

Учир нь шилмэл загвар зохион бүтээдэг, түүнийг өмсдөг гоё эгч нар л тэр байгууллагын босгыг алхана. Бид зургадугаар ангид байхдаа загвар өмсөгч Шатарцэцэг, Одгэрэл, Ихэрцэцэг, Ижилцэцэг нарыг харах гэж гадна нь өдөржин хүлээгээд чадалгүй баахан гомдолтой буцаж билээ.

Сургуультай ойр болохоор “Сурагчийн дэлгүүр”-ийн барааг бид яг тэгж бүртгэдэг байсан юм

Манай ангийн нэг охин загвар өмсөгч нарын уралдаан болох гэж байгаа, тэнд зурагтаар гардаг нөгөө эгч нар ирнэ гэсэн болохоор бид тийн цугларсан хэрэг.

Ахуйн үйлчилгээний ордонтой залгаад үйлчилгээний бүх газрууд байв. Хувцас захиалга засвар, гутал, цаг засвар, зурагчин гээд л. Одоо бүгдээрээ өөрчлөгдөж, анх ямар газар байсан талаар мэдэх хүн бараг үгүй болж. Харин “1000 нэрийн барааны дэлгүүр” гэсэн хаягтай дэлгүүр байсан нь хэвээрээ үлдэж.

Дараагийн газар бол “Москва” ресторан. энэ газар  хорооллын хамгийн сонин сайхан газрын нэг байсан юм. Шилэн цонхны цаана Оросын хотуудын зургийг өнгөтөөр хийчихнэ. Тэр зураг харанхуйд тодорч, “Ийм газар байдаг юм байх даа, хэзээ очиж үзэх бол доо” гэсэн хүсэл өдөөдөгсөн. Хүүхэд ресторанд орох эрх байх биш.

Гоё хувцасласан ах, эгч нарт хормогч өмссөн зөөгч хоол өгч байгааг гаднаас нь харахад их сонин. Гоё дуу эгшиглэхээр хос хосоороо бүжиж, ганган шилтэй дарс шимж байгаа нь нэг л сонин.

Рестораны хажууд байх “Хагас боловсруулсан бүтээгдэхүүн” гэсэн хаягтай кафе манай ангийнхны , манай хорооллын хүүхдүүдийн орох дуртай газрын нэг. 60 мөнгөний гөөхий, прошки, рулет, торт гээд тэнд амттан бүхэн байлаа. Энэ тухай бичиж байхад тэр газрын үнэр сэнхийх шиг. Юм ховор байсан болоод тэр үү, тэр үеийн амттаныг гүйцэх зүйл одоо ч үгүй мэт санагддаг юм.

Одоо өдрийн од мэт ховор болсон Шуудангийн салбар тэр үед хорооллын төв зам дагуу хоёр ч байдаг байв. Нэг нь шүлс асгарам амттан зардаг кафений хажууд бол нөгөө нь хорооллын эцэст байх. Хамгийн их үйлчлүүлэгчтэй байсан тэр газрууд өнөөдөр бараг эзэнгүй болчих юм. Шуудангийн хажууханд байх Банкны тооцооны төвд танил хүмүүс сарын сүүлчээр их таарна аа. Учир нь байр, гэрлийнхээ мөнгийг төлөх гэж байгаа нь тэр. Өвөө намайг дагуулаад нэг өдөр тооцооны төв орлоо. Би сургуульд дөнгөж орсон байснаа санаж байна. Дугаарласан хүмүүсийн ард намайг зогсоогоод, өвөө дэлгүүр орохоор явчихлаа. Нэлээд удсан боловч өвөө ирдэггүй. Намайг марчихтсан юм биш байгаа гэх бодол гэнэт зурсхийв. Битгий очероосоо гараарай гэсэн өвөөгийн захиасыг умартаад гэртээ харих санаатай гараад явчихлаа. Тооцооны төвөөс уруудтал манай байшинтай адилхан байр байна. Ороод 10 давхарт гарч, хонх цохитол танихгүй хүн хаалга нээдэг байгаа. Буцаад гартал манай байр мөн ч юм шиг, биш ч юм шиг. Яах учраа ололгүй Ахуйн үйлчилгээний ордон, “Москва” ресторан хоёрын хооронд баахин холхисноо гэнэт манай байр хөх өнгөтэй байсныг санаад арай гэж гэрээ олж очиж билээ. Харин өвөө маань намайг хайгаад, сандарчихсан хүн араас орж ирсэн ч намайг зэмлээгүй. Сүүлд сонсоход хорооллын нэгэн жигд олон байрны хооронд будилсан хүн ганц би биш байсан юм билээ. Хөдөөнийхөн бүр цагдаа сэргийлэхдээ тулж байж очих айлаа олж байсан түүх зөндөө байдаг. Тооцооны төвөөс баруун тийш үсчин, хүнсний 56 дугаар дэлгүүр байв. Тухайн үед “Өргөө” кино театрын суурь дөнгөж тавигдаж байсан болоод хорооллын хүүхдүүд түүнээс цааш явах нь бараг үгүй. “Сурагчийн дэлгүүр” -ийг бидний үеийнхэн сайн санаж байгаа байх.

Сумандаа ганц байх дэлгүүртээ сумынхан өдөр бүр орж, юм авахгүй ч барааг нь нүдээрээ бүртгэдэг тухай хөдөөнийхөн ярьдаг даа. Сургуультай ойр болохоор “Сурагчийн дэлгүүр”-ийн барааг бид яг тэгж бүртгэдэг байсан юм. Нэгдүгээр цаастай зургийн дэвтэр шинээр иржээ, оросын дэвтрийн хавтас байна, өнгийн цаас зургаа биш, 10 өнгийнх ирж гэх мэтийн мэдээлэл бидний хооронд өртөөлөн ниснэ.

“Жаргалан” кафе гэж хүүхдэд зориулсан зоогийн газар байсныг одоо нүд эрээлжлэм бараагаар дүүргэжээ. Хорооллын хүүхдүүд өдөр бүр орохыг хүсдэг тэр газраа хүүхдийн баяраар л зочилно. Жижигхэн хормогч өмсөж,цагаан тууз зүүсэн эгч нар хоол, улаан ус , зайрмаг өгөх нь юутай ч зүйрлэшгүй жаргал мэт санагддаг байж билээ. Хүүхдүүдийн байнга ордог газрын нэг нь талхны дэлгүүр. Гэрээ цэвэрлэж, хичээлээ хийгээд дараа нь дэлгүүр  явж талхаа авах нь бидний үүрэг хойно. Талхны дэлгүүр үйлчлүүлэгч хамгийн олонтой нь. Хүүхдүүд гэрийнхээ ойр зуурын хүнсийг базаана.

Тэр үед троллейбус гэдэг тэнгэрээс уяатай унаа хороололд маань бий боллоо. 

Төгрөг хорь, төгрөг дөч, төгрөг далын талх элбэг. Харин нэг төгрөгийн үнэтэй, амттай загасан талх ховор. Загасан талх авчих санаатай хорооллын хэдэн дэлгүүрээ гүйцээдэгсэн. Ээж таван төгрөг үлдээгээд юу юу авахыг бичээд өгнө. Өгсөн мөнгө нь авах зүйлд нь яг таарах ч өөртөө 50 мөнгө унагаахаа бид андахгүй. Хар чавга, хатаасан алим нэг кг нь таван төгрөг байлаа. Илүү гаргасан 50 мөнгөнд бидний бэл хүрэх, бас идэх дуртай хар чавга, хатаасан алим 100 гр ирнэ. Ингээд дэлгүүр явсан урамшууллаа өөртөө өгчихдөг байж билээ.

Тэр үед хороололд нэгэн сонин зүйл гараад ирлээ. Троллейбус гэдэг тэнгэрээс уяатай унаа хороололд маань бий боллоо. Хотын төв гудамжнаас арай өргөн замтай, үйлчилгээний газар олонтой манай хороололд тэр унаа хамгийн эхлээд явж эхэлсэн юм. Бид гайхаж, бас сонирхоно. Нэг удаа бид ангиараа орж сууж үзээд жолоочид нь хөөгдөн бууж билээ. Нийтийн тээврийн автобус мөнгө хураагчтай байсан бол троллейбусанд байхгүй. Гаднаас тасалбараа худалдаж аваад, дотор нь байрлуулсан цоологчид хийгээд мөнгө төлснөө гэрчилчихнэ. Хүүхэд 20 мөнгөөр, том хүн 50 мөнгөөр явдаг байв. Бидэнд мөнгө байхгүй бас баахан үймж жолооочид хөөгдсөн хэрэг.

Хорооллын төв замын өмнөхийг дөрөв, хойд хэсгийг нь гуравдугаар хороолол гэдэг. Дөрөвдүгээр хороололд голдуу оросууд амьдарна. Тэдэнд зориулсан сургууль, цэцэрлэг хүртэл байлаа. Тэрүүхэндээ хотхон болсон орос хүүхдүүдийн сургуулийн бусдаас ялгарах нэг онцлог нь гэрэлтүүлэг бүхий мөсөн гулгуурын томоос том талбайтай.

Тэнд тэшүүр углан гүйлдэх орос охидыг хараад атаархахын хажуугаар манай сургуулиудад яагаад ийм талбай байдаггүйн учрыг эс олно. Орос охид яагаад туранхай , өндөр байдаг гээч, энэ талбайтай холбоотой гэж нэг нь хэлээдэхлээ. Биднийг орос охид шиг өндөр болоход саад хийж байгаа эзнийг олох гэж баахан маргалдав. Одоогийн VI бичил хороолол байгаа тэр газар нэлээд өндөрлөг учир бид цаасан хайрцаг нугалж , ус асгасан мөсөн дээр гулгахаас хэтрэхгүй. Гэрэл цацарсан тэр гоё талбайг мөрөөдөөд ч нэмэргүй. Харгалзагчтай болохоор монгол хүүхдүүдийг оруулахгүй. Тэгээд ч бидэнд коньки байхгүй. Хоёр, гурван өдөр ирж ажигласны эцэст нэг ээлжинд нь монгол эмээ гарч байгааг мэдээд очтол шууд оруулчихаж билээ. Сайхан сэтгэлтэй эмээгийн ачаар бид гэрэл цацарсан мөсөн талбайд тэшүүрээр гулгахын сайхныг анх удаа мэдэрч билээ. энэ сайхан мэдрэмжтэй зэрэгцээд ээждээ анх удаа алгадуулсан юм. Ангийнхантайгаа гулгаж гулгаж цаг хэд болсныг би мэдээгүй. Гэтэл  24.00 цаг өнгөрсөн байж. Хотыг харанхуй нөмөрч орцныхоо хаалгыг татах хүртлээ айсаар гэрийнхээ хонхыг цохилоо. ээж уйлчихсан, аав шанаагаа тулаад сууж байна.Хаачдаг хүүхэд вэ гээд аээж намайг алгадаж билээ. Намайг асууж сураад бүр аргаа барсан гэнэ. Цагдаад хэлтэл алга болоод гурав хоноогүй хүүхдийг хайхгүй гэсэн гэнэлээ. Инээдтэй байгаа биз. хэрвээ хэн нэгэн хүүхдэд аюул тохиолдсон бол хайхгүй нь байна шүү. тэр үеийнхэн хүмүүжилтэй орйо үдэш тэр бүр гарах биш ээж минь санаа зовж, бас их айсан юм билээ. Орос цэргүүд гэж айхтар хүмүүс байсан юм даг. Олон жил эх орноосоо хол тэд хэлэхэд бэргэмээр хэрэг үйлдэх нь бий. Тэр үед хүчингийн хэрэг үйлдсэн орос цэргийн талаар мэдээлэл гарагхгүй, хоёр улсын нууц, харилцаа муудна гээд тас нуудаг байсан юм билээ. 

Ингэж би анх удаа мөсөн дээр ханатлаа гулгасныхаа хариуд ээждээ анх удаа алгадуулж билээ. Миний ээж их тайван хүн учир бараг уурладаггүй нэгэн.

Бас нэгэн үйл явдлыг сонирхуулъя. Нэг өдөр хичээлээ тараад гэртээ иртэл байрны хажууханд дуу хуур, хөөр баяр болж байна. Том машин, кран ажилладаг байсан хашааг буулгачихаж.

Хэзээ ч эндээс холдон явж чадахгүй мэт санагддаг. Яагаад гэвэл хороолол нүдийг минь нээж,  миний хүй цөглөсөн нутаг билээ.

Оронд нь шинэ байшин сүндэрлэж, цагаан нөмрөгтэй эгч нар нэг нэгэндээ баяр хүргэж инээлдээд жигтэйхэн хөөртэй байх юм. Манай хороололд Гандангийн гэх тодотголтой ганцхан хүүхдийн эмнэлэг байсан бол Эх нялхсын төв гэх сүрлэг том шинэ эмнэлэг нээлтээ хийж байсан нь тэр юм билээ. Нэг байрныхан бие биенээ ах дүүгээсээ илүү мэддэг гэхэд бараг хэтрүүлсэн болохгүй элгэмсэг, найрсаг хүмүүс манай хороололд амьдардаг байв. Хүмүүсийн бие биенээ, орцоо, байраа хотоо гэсэн өөриймсөг сэтгэл яагаад ч юм холдон алсарсаар байх шиг. Гэхдээ л би хороололдоо хайртай. Хэзээ ч эндээс холдон явж чадахгүй мэт санагддаг. Яагаад гэвэл хороолол нүдийг минь нээж,  миний хүй цөглөсөн нутаг билээ.